ШШГЕГ-ын санаачлагаар хоёр дахь жилдээ Европын холбооны “Sbons” сангийн шугамаар Швед улсын “Skanes” их сургуулийн эмнэлгийн эмч нар зургадугаар дугаар сарын 16-26-ны өдрийн хооронд тус байгууллагын Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна. Хорих ангийн хүмүүжигчид нийгмээс тусгаарлагдаж эрхээ хасуулсан ч эрүүл амьдрах ёстой юм.
Тиймээс энэ удаагийн хагалгааг Шведийн “Skanes” сургуулийн эмнэлгийн ерөнхий мэс заслын их эмч, багш Криз Мартин, Урологийн мэс заслын их эмч, багш Андерсон Кристиан нар мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байна. Тэд зөвхөн гуравдугаар шатлалын эмнэлэгт хийгддэг нарийн төвөгтэй 10-аад төрлийн хагалгааг хүмүүжигчдэд үнэ төлбөргүй, өөрсдийн багаж, тоног төхөөрөмж, материалаар хийж байна. Энэ нь Швед улсад очиж хагалгаа хийлгэсэнтэй ижил түвшинд хийгдэж байгаагаараа онцлог юм.
Хагалгаанд ШШГЕГ-ын харьяа нэгдсэн Хорих ангиудаас үзлэг шинжилгээнд хамрагдаж зайлшгүй орох шаардлагатай 70-аад хүмүүжигчдийг хамруулж байгаа бөгөөд хагалгаа хийлгэсэн хүмүүжигчдийн биеийн байдал сайн байна. Эмч нарын хувьд сангийнхаа шугамаар өөр улс орнуудад ажиллаж байсан ч хүмүүжигчдэд хагалгаа хийсэн нь анхны тохиолдол юм байна. Цаашид зайлшгүй шаардлагатай хагалгааг улам өргөжүүлж, нөхөн сэргээх мэс заслын их эмч нарыг урихаар төлөвлөжээ.
Б.ЭНХ