Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.06.19-ний Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулав. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 37 нь буюу 53.6 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Дараа нь Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч энэ асуудлыг ирэх долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болж хойшлуулав.
Ингээд хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцууллаа. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулах гишүүн байгаагүй тул байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.