“Моханик” хамтлагийнхан өөрсдийн шинэ цомгийг танилцуулах үзэсгэлэнгийнхээ нээлтийг тавдугаар сарын 29-нд “Glamour арт” галерейд хийсэн. Тэгвэл тэдний үзэсгэлэн дараагийнхаа галерейд зочилжээ. “Blue moon” арт галерейд дэлгэгдэж буй тус үзэсгэлэн “Моханик Амарбаясгалантад” цомгийн нээлтийн нэг хэсэг бөгөөд уг цомог байгальд бичигдсэн гэдгээрээ онцлогтой. Тус цомог “Моханик хүрэх аялал” төслийн нэгээхэн хэсэг бөгөөд 2011 оны есдүгээр сараас хөгжмийн өнгө, аяс дуугаралт дуу чимээг эрэлхийлсэн аялалд гарч, цомгийн ажлаа эхлүүлж байжээ. Аялалынхаа явцад уран бүтээлчид олж авсан, нээсэн хэмнэл, дуу чимэг, хөгжмийн шинэ өнгө аясаа өөрсдийн шинэ бүтээл “Моханик Амарбаясгалант” нэртэй цомогтоо оруулсан юм.
“Моханик Амарбаясгалант” цомгийн нээлтэд зориулсан үзэсгэлэнг зургадугаар сарын 14-19-ний хооронд "Blue moon" арт галерейд урлаг сонирхогчдын хүртээл болгож байгаа бөгөөд өнөөдөр тус үзэслэнгийн сүүлийн өдөр ажээ. Тэд үзэсгэлэнгийн хаалтад буюу өнөөдөр 18.00 цагт “Blue moon” арт галерейд богино хэмжээний тоглолтоо сонирхуулах гэнэ.
Э.ТЭКҮ