Амьд хөгжим сонирхогч залуусын наадам тун удахгүй болох нь ээ. “Playtime” наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ” уриан дор 2014 оны долдугаар сарын 19-20-ны өдөр “Монгол шилтгээн цогцолборт” болох юм. Тус наадмын зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Плэйтайм наадмын захирал Ц.Нацагдорж, ерөнхий зохицуулагч Б.Номинтуяа нар оролцсон юм.
“Playtime” наадам нь өнгөрсөн хугацаанд 100 гаруй хамтлаг 20 мянган үзэгчийг хамруулсан томоохон наадам билээ. 13 дахь жилдээ зохион байгуулагдахаар зэхээд байгаа. Наадмын том, жижиг, электро гэсэн гурван тусдаа тайз засах аж.
Наадмын тасалбарын хувьд долдугаар сарын 9-нөөс өмнө нэг өдрийн тасалбар нь 30 мянган төгрөг, хоёр өдрийнхийг 45 мянган төгрөгөөр худалдаалах бол түүнээс хойш нэг өдрийнх 35 мянган төгрөг, хоёр өдрийнх 55 мянган төгрөг болж нэмэгдэх юм байна.
Энэ жилийн амьд хөгжим сонирхогч залууст зориулсан тус наадмын нэг онцлог нь “VIP zone”-ы үйлчилгээ гэнэ. “VIP zone”-ы үйлчлүүлэгчид хамтлаг дуучдад ойр байхаас гадна илүү тав тухтай наадамд оролцох боломжтой ажээ. “VIP zone”-ий тасалбар 100 мянга, 160 мянган төгрөгөөр худалдаалагдах бөгөөд наадмын тасалбарын тоо хязгаартайг зохион байгуулагч Ц.Нацагдорж хэлж байсан юм.
Нийслэлийн 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд 2014 оны “Playtime” наадмыг зохион байгуулж буй. "Хоггүй, найрсаг Улаанбаатар" уриатай тус наадмын үеэр “Replay” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд хотын залуус хог хаягдлыг багасгах, зөв зохистой ашиглах, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Жил бүр уг наадамд гадаадын хамтлаг дуучдыг урьж оролцуулдаг уламжлалын дагуу энэ жил Английн “The Wombats”, Японы “Envy” хамтлаг болон ОХУ-ын “Мумий Тролль” хамтлагууд уригджээ. Тоглолтын дууны инженер Солонгос улсаас Мин Ким ажиллана.
Э.ТЭКҮ