Өнгөрөгч лхагва гаригт буюу өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдод Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай төслийг өргөн барилаа. Энэхүү тогтоолын төслийг Засгийн газар УИХ-д хоёр дахь удаагаа барьж байгаа бөгөөд өмнө нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын өргөн барьсан төслийг хууль санаачлагчид нь эргүүлэн татсан. Харин энэ удаад Ерөнхий сайд өөрийн биеэр тогтоолын төслөө өргөн барьсан нь салбарын сайд нь үндсэн ажлаа хариуцахгүй хаашаа алга болчихов гэх асуулт тавихад хүргэж буй. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай төслийг өргөн барихыг ямар учраас эсэргүүцэн, өөрийнхөө ажлыг хүнээр дамжуулан хийлгэж байгааг ч гайширах хүмүүс байна. Уул уурхайн болон эдийн засгийн хүрээнийхний дунд экспортын төмөр замыг яаравчлах, ингэснээр царцсан мөнгөний урсгалыг сэргээх боломжтой. Харамсалтай нь өнгөрсөн долоон жил эдийн засагчид, мэргэжлийн байгууллагынхан, гадаадын судлаач, шинжээчид энэ талаар хангалттай зөвлөсөөр байхад салбарын сайд нь “саад” болоод байгааг ямар зорилготой гэж дүгнэмээр юм бэ дээ, мэдэхгүй байна. Ямар ч байсан салбарын сайд экспортын төмөр замтай болохыг хүсэхгүй байна уу гэх хардлага төрж буй.
Тогтоолын төсөлд ерөнхийдөө хойд хөрш рүү өргөн, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавихаар Засгийн газар бодлогодоо тусгасан бөгөөд энэ нь Х.Баттулга гэдэг ганцхан хүнд л таалагдахгүй байгаа болохоос экспортын төмөр замаа яаравчилж, мөнгөтэй болохыг, улс орноо өөдтэй, өнгөтэй яваасай гэж монгол хүн бүр хүсч буй. Ялангуяа долларын дотогшлох урсгал татарсан энэ үед мөнгө орж ирэх суваг бол төмөр зам. Гэтэл ноёныхоо харцаар хөдөлдөг түшмэл аятай Х.Баттулгын хүн гэгддэг Зам тээврийн сайд А.Гансүхийн хувьд төмөр замтай болох хуулийн төсөл өргөн барихаас хулчийсан зугатсан гэх мэдээлэл байгаа юм. Салбарын сайд нь бодлогоо тодорхойлохоос зугатаад алга болчихсон учраас Ерөнхий сайд өөрийн биеэр тогтоолын төслөө барьсан бололтой.
Сүүлийн үед төмөр замын царигаас улбаатай хоёр улсын хоорондын харилцаанд сэв суулгахаар мэдээлэл ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Өнгөрсөн зургаан жилийг монголчууд тогтоон дотроо толхилцож, хуралдаж, хэрэлдэж , талцаж байгаад алдсан. Гэтэл урд, хойд хоёр хөрш эдийн засгийн хамтын ажиллагаагаа стратегийн төвшинд хүргэхээр зорьж, өнгөрсөн тавдугаар сард Шанхайд 400 тэрбум ам.долларын байгалийн хий нийлүүлэх гэрээ байгууллаа. Хятадад нийлүүлэх нүүрсний хэмжээгээ Оросууд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Гэтэл Монголд “цариг” гэдэг ганцхан асуудлаас болж цаг алдах шалтгаан нь юу байна. Тэгээд ч “Шинэ төмөр зам” төслөө яаж, ямар царигтай барих нь танай бодлогын асуудал гэж оросууд хүлээн зөвшөөрсөн байтал танк ачаад орж ирнэ хэмээн айлгах төлөвлөгөө зохиож байгаа улстөрчдөд, салбарын сайдад ямар ашиг байна вэ, ингэхэд. Монгол мөнгөгүй байх нь А.Гансүх сайдад хамаагүй гэж үү.
Н.ХҮСЛЭН