Р.Мөнхзул: Хот илбийн юм шиг гэнэт гоё болчихгүй

Хуучирсан мэдээ: 2014.06.19-нд нийтлэгдсэн

Р.Мөнхзул: Хот илбийн юм шиг гэнэт гоё болчихгүй

Цахим ертөнцийнхөн өчигдөр нэгэн “соёлгүй” залууг үзэн ядаж, хараан, доромжилж өнгөрөөлөө. Хотын замаар явах машины цонхоор нэг залуу хог хаяж, түүнийг нь буулгасан хэвлэлийнхэн яагаад хогоо хаясныг асууна. Гэтэл өнөө залуу “Миний машин ямар хогийн сав юм уу” хэмээн хэгжүүрхэх энэхүү бичлэг өчигдрийн хувьд хамгийн олон удаа түгсэн /share/ , хамгийн олон сэтгэгдлийг цуглуулсан юм.  Машиныхаа цонхоор хог хаяж буй ийм үйлдэл нь олон нийтийн сүлжээнд орсон тохиолдолд хэн ч “бүдүүлэг од” болж болохыг ийнхүү харууллаа. Ингээд өчигдрийн хамгийн олон хараалын үгсийг өөртөө авч, хотын соёлгүй зарим нөхдөд дохио өгч чадсан “хэргийн эзэн” Р.Мөнхзултай ярилцлаа.

-За, нийгмээрээ өөрийг чинь үзэн ядаж байх үед ямар мэдрэмж төрөх юм бэ?

-Өөрөө хог хаячихаад хотын завааныг бусад руу чихдэг хүмүүст зориулж “Өөрчлөлтийг өөрөөсөө” гэж нэртэй клубын залуус санаачлаад NTV-ийн мэдээний албатай хамтарч хэд  хэдэн шторк хийсний нэг. Энэ чинь нэг талаасаа хөөрхөн судалгааны ажил юм билээ. Нэг талаас машины цонхоор хог хаяж байгаа хүмүүст нийтээрээ шүүмжлэлтэй хандаж байгааг хараад баярласан ч зарим хүмүүсийн үг хэллэг, гаргаж байгаа авир араншингаас бид чинь хогтойгоо адилхан юм уу даа гэж бодогдсон. Хэлсэн үгэнд их эгдүүцсэн шиг санагдсан. Тэр үгийг би хамт ажилладаг хүнээсээ хоёр жилийн өмнө сонсоод тээж явсаар шторкондоо “заналтайгаар” оруулж, найруулгыг хийсэн юм. Бүх шторкуудыг бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн.

-Хэчнээн удаа шайрлагдэж, хэчнээн хүнд ад үзэгдсэн ээ тоолсон уу?

-Миний харснаар 1070 орчим шайр, 370 орчим сэтгэгдэл бичсэн байх шиг байсан. Твитерт бас явж байна билээ. Үзсэн хүнийг бол мэдэхгүй. Маш олон хүмүүс үзэж сонирхож хариу үйлдэл гаргасан. Цаашдаа намайг жигших зорилгоор бус ингэж болохгүй шүү найзуудаа гэдэг сэдлээр улам их шайрлээсэй, коммент нь хог хаягч нартай яаж тэмцэх, би юу хийж чадах талаар бүтээлч байдлаар өрнөөсэй гэж бодож байна.

Гэр бүл, хамаатан садан, таньдаг хүмүүс чинь юу гэж байх юм?

-Энэ бол шторк гэдэгт тэд маань бат итгэлтэй байсан. Би учрыг нь тайлбарлаж хэлэхэд намайг дэмжиж, үргэлжлүүл л гэсэн. Гэхдээ та хийж байгаа ажлынхаа талаар нийтэд заавал танилцуулж, үндсэндээ нэр нүүрээ “хамгаална” шүү гэж үүрэгдсэн. /инээв/

-Энэ ажиллагаанаасаа ямар үр дүн хүлээж  байна вэ?

-Хариулахаас өмнө нэг зүйл тодруулахад “хог хаягдалтай тэмцэнэ” гэдэг үг бараг мэгзэм шиг болчихсон. Лам ном уншиж л байдаг, гэхдээ юу уншаад байгааг нь мэддэггүй. Дууслаа одоо чи сайхан болно гэхэд нь за баярлалаа, сайхан болноо гээд гардагтай адил. Улаанбаатар төдийгүй улс өөрөө хогтой байгаа нь үнэн. Хог амьгүй гэдэг нь үнэн. Тэгэхээр бид амьгүй зүйлтэй биш, харин хог хаягч нартайгаа тэмцэх нь байна шүү дээ. Үнэндээ хүмүүс хаанаас хэдэн тонн хог түүж, хэдэн удаа зурагтаар гарснаа, товчхондоо энтертаймент талдаа мундаг байгаа. Дараа жил нь яг тэр газраасаа түүсэн хогныхоо талаар дахиад яриа хийгээд л зогсож байдаг. Зарим хүмүүсийн хувьд өглөө босоод нүүр гараа угаадаг шиг машины цонхоор хогоо хаях нь зүгээр л дадал болчихсон, Нэг талаас буруутгахад хэцүү. Хэдхэн хормын өмнө хог хаячихаад “гадаадад ямар гоё сайхан гээч гэтэл манай хотын байж байгааг хар заваан, төр дорвитой ажил хийхгүй байна, боловсролын систем муу, хүүхдэд хог хаягдлын талаар заахгүй байна,  би хэзээ ч хог хаяж байгаагүй” гэж бурууг ямагт бусдаас хайдаг. Тэгэхээр та хог хаядаг нэгэн биш биз дээ өөрийгөө нэг анзаараарай, мэдрээсэй гэж шторкыг хийлээ. Хүүхдэд ямар ч буруу байхгүй. Хүүхэд бол томчуудын тусгал. Бид хойч үедээ амьдрах сайхан орчин үлдээх гэж л энэ бүхнийг хийж байгаа.

-Одоо ч цөөнгүй хүмүүс өөрийг чинь үзэн ядсаар, харааж зүхсээр байгаа байх даа, Ингээд бодохоор арай л эрсдэлтэй  юм биш үү?

-Эрсдлийг анхнаасаа ойлгож байсан, гэхдээ бидэнд зорилго байсан учраас манай клубынхан машины дугаараа, царайгаа нууцлалгүй бүгдийг илээр хийсэн. Машины цонхоор гэлтгүй ил хог хаяж байгаа хүнд нүүр рүү нь хараад шаардлага тавьдаг, шаардлагыг эерэгээр хүлээж авдаг соёл, зориг одоохондоо хол байна. Харин компьютерийн дэлгэцний цаана бол бүхэн бүтэн фронт байгаа нь сайхан. Тэд маань одоо ил гараад намайг орхиод хог хаядаг хүмүүст эелдэгээр, бүтээлчээр, яваандаа тэдэнтэйгээ хамтраад хог хаягчдын эгнээнээс хогийг зориулалтын газар хаягчдын эгнээндээ элсүүлэх нь ус агаар шиг хэрэгтэй байна. Ямар ч тохиолдолд бид нээлттэй байж, ажлыг хамтарч нугална.

-Танай хөдөлгөөнийхөн юу юу хийхээр төлөвлөж байна?

-Клубын гишүүдийн хувьд байгаль орчны талаар үзэл санаа нийлээд дөрвөн жил болж байгаа залуус. Хийсэн зүйл мундахгүй олон. Одооноос Өөрчлөлтийг өөрөөсөө гэж нэртэй клуб, зохион байгуулалтад шилжиж байна. Энэ жил бид хог хаягч нарыг эелдгээр сэнхрүүлнэ. Хог хаягдал гэдэг чихрийн цааснаас эхлээд принтерын хор, эмнэлгийн, химийн аюултай хог хаягдал, хатуу хог хаягдал, машины аккумлятор гээд сэдэв нь далай шиг их. Хор хөнөөл нь урт хугацаандаа аюултай ийм л зүйл. Өнөөдөр өндөр технологиор хаях ёстой хогийг бид иштэй чихрийн цаас шиг л хаяж байна. Том улсуудын хувьд шүдний өвчин. Цаашдаа усаар туйлагсад, байгаль хайртай романтик хортнууд, мухар сүсэгтнүүдэд хандсан онцлог, бүтээлч олон ажил хийнэ. Хот илбийн юм шиг гэнэт гоё болчихгүй. Азоны цоорхойг нөхөхөө түр азнаад оймсныхоо цоорхойг нөх гэдэг шиг эхлээд өөрийнхөө хогийг хогийн саванд, машинтай бол машиныхаа хармаанд, машиныхаа тамхины савыг чийглээд тамхиа хаяад суръя. Өөрчлөлтийг өөрөөсөө л эхлүүлнэ шүү дээ.

Б.МАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж