100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо энэ сарын 10-16-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд БНХАУ, Монгол, Тайланд, Казахстан, Япон зэрэг орны даамчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд тивийн аваргын төлөө өрсөлдлөө.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нас бүрийн үндсэн ангилалаас гадна түргэн болон түргэвчилсэн төрлийн аваргуудаа тодруулдаг аж.
Манай улсаас тус тэмцээнд бүх насны ангилалд оролцож, 20 алт, 23 мөнгө, 24 хүрэл нийт 67 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол БНХАУ (7+2+3), Казахстан (3+3+2), Узбекстан (2+2+0) улсууд удаалсан байна. Тэмцээнийг зохион байгуулагч Тайланд хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.
Тэмцээний үндсэн төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд зургаан орны 18 даамчин өрсөлдсөнөөс ОУХМ Д.Эрдэнэбилэг түрүүлсэн бол ОУХМ М.Ганжаргал, БНХАУ-ын Zhou Wei нар удаалжээ.
Эмэгтэйчүүдийн төрөлд дөрвөн орны 12 тамирчин өрсөлдсөнөөс БНХАУ-ын Г.Алтанхуар түрүүлж, их мастерын болзол биелүүлсэн бол спортын мастер М.Одгэрэл, БНХАУ-ын Lian Bo нар мөнгө хүрэл медалийг хүртсэн байна. Спортын мастер Г.Энхтуяа, Б.Нандинцэцэг нар IV, V байрт шалгарчээ. Энэхүү төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан байна.
Мөн Азийн аварга цолыг А.Сулеман (ДДХМ цол хүртсэн), Г.Хэрлэнмөрөн, Г.Дүүрэнбилэг, Б.Энхрийлэн, Б.Мөнхжин, П.Эрхэмбилэг, С.Мөнх-Оргил, Э.Үйлстөгөлдөр, Б.Өнөржаргал, Л.Надмид, Г.Туул, Ц.Энхцэцэг, С.Энхтүвшин нарын тамирчид хүртсэн байна.
Ч.БОЛОР