Т.Энхтүвшин захирлын шалгаруулалтад ороогүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Т.Энхтүвшин захирлын шалгаруулалтад ороогүй гэв

93 дугаар сургуулийн 30 багш, ажилтнууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. “Гоц авъяастан хүүхдийн” гэгдэх энэ сургуулийн захирлын томилгооноос эхлээд л шударга бус, хэрээс хэтэрсэн үйлдэл их гарах болсныг багш, ажилтнууд нь хэлэв.

Сургуулийн үйлдвэрчний хорооны гишүүн С.Алтанчулуун 93 дугаар сургуулийн одоогийн захирал Т.Энхтүвшин захирлын сонгон шалгаруулалтад ороогүй, боловсролын байгууллагад нийцэх удирдахуйн  чадвар болон ёс зүйгүй хүн гэж хэлсэн юм. Сургуулийн багш, ажилтнуудын хэлж буйгаар “Т.Энхтүвшин нь сургуулийнхаа цайны газар, спорт заалыг түрээслэхээс гадна сурагчдаас татсан хандивын мөнгийг хувьдаа завшдаг. Түүний эл үйлдлийг шүүмжилсэн хоёр багшийг ажлаас халж, найман багшийг аман байдлаар халсан” гэв.

Үндэслэлгүй шалтгаанаар багш нарыг ажлаас халсан хэрнээ өөрөө дур мэдэн гурван хүнийг шинээр ажилд авсан талаар сургуулийн ажилтнууд дургүйцэж байгаа аж. Энэ мэт хууль бус үйлдлийг тус сургуулийн ажилтнууд эсэргүүцэн баримтжуулж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд бичиг явуулсан боловч хариу ирүүлээгүй ажээ. Тиймээс цаашдаа энэ асуудлыг холбогдох албаныхан анхааралдаа авч, сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг ил тод, зөв хийж байхыг боловсролын ажилтнууд хүсч байгаагаа дуулгалаа.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж