Төсвийн орлого тасалдаж, төрийн тансаглал нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Төсвийн орлого тасалдаж, төрийн тансаглал нэмэгджээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар удахгүй хэлэлцэх Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад татварын орлого 674,4 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн бол үүнээс орлогын албан татвар 203,6 тэрбум төгрөг, НӨАТ 329,7 тэрбум төгрөг, гаалийн албан татвар 135,2 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөө тасалджээ. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ эрс буурсантай шууд холбоотой юм байна. Байдал ийн хэцүүдэхэд гадаад хүчин зүйл гэхээсээ илүүтэй бодлогын  алдаа, буруу төлөвлөлттэй холбоотой гэж эдийн засагчид дүгнэж буй.

Тухайлбал, алт тушаалтын экспортыг 19,6 тонн, нүүрсийг 28 сая тонн, зэс 990,3 мянган тн экспортлохоор анх төлөвлөж байсан бол тодотголоор алтыг 13,2 тонн, нүүрсийг 20,5 сая тонн, зэсийг 694,3 мянган тонн болгож буруулсан аж. Гэсэн хэдий ч жилийн эцсийн гүйцэтгэлээр алт 10,4 тонн, нүүрс 18,4 сая тонн, зэс 649,8 мянган тонн болж бууран төлөвлөснөө ч биелүүлж чадаагүй аж.

Гүйцэтгэлээр  төсөв, мөнгөний  бараг бүх үзүүлэлт ийнхүү хасах үзүүлэлттэй гарсан байхад харин төрийн албаны орон тоо,  дарга нарын тансаглал хэд дахин  ихэсчээ. Тодруулбал, 2013 оны байдлаар төсөвт байгууллагад ажиллагсдын тоо 161136-д  хүрсэн бөгөөд үүнээс дарга нарын орон тоо 406 –гаар, гүйцэтгэх ажилтны тоо 471-ээр, үйлчлэх ажилтны тоо 1109-өөр, нийт дүнгээр 1986-н хүнээр төлөвлөгөөгөө хэтрүүлсэн байх жишээтэй. Өмнөх онтой харьцуулахад улсын төсвийн байгууллагын  орон тоо 6541-ээр нэмэгдсэн нь төрийн бүтцийг данхайлгаад зогсохгүй цалингийн зардал , урсгал зардлыг өсгөхөд нөлөөлжээ.

Жишээ нь Төсвийг ерөнхийлөн захирагчдын 65 хувь нь гадаад томилолтын зардлыг 2,2-558,3 сая төгрөгөөр, гадаад зочны зардлыг 1 тэрбум гаруй төгрөгөөр хэтрүүлжээ. Түүнчлэн Засгийн газрын тогтоолоор автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан унаа унаж тансагладаг байна. Үүний үр дүн нь төсөвт байгууллагуудад хийсэн судалгаагаар 2013 оны гүйцэтгэлээр бензин шатахуунд 13,3 тэрбум, сэлбэг хэрэгсэлд 5,9 тэрбум, тээврийн хэрэгслийн даатгалд 500 сая төгрөг нийтдээ  ашиглалтын зардалд ганцхан жилд 20-иод тэрбум төгрөг зарцуулжээ.  Өнгөрсөн жилээс эхлэн эдийн засаг хүндэрч улсын төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр тасарсан байтал төрийн алба  тансаглалдаа хязгаарлалт тавиагүйг Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл тод томруун харуулж өглөө.

Үүнд харин УИХ ямар дүн тавих бол…

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж