Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Дэлбээлсэн бол хагдрах нь зайлшгүй. Харин үүнийг монголчууд “Монгол хүн амны билгээр” гэх үгээр үгүйсгэдэг. Тэр ч утгаараа сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихэвчлэн амьдралын хар барааны талаар ярьж бичих нь олширлоо. Үнэндээ бидэнд асуудал олон байгаа нь үнэн. Гэхдээ нийгмийг соён гэгээрүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс нийгмээ ийнхүү гомдол цөхрөл, хардалт сэрдэлт, муу муухайгаар булаад байх юм бол хүмүүс яаж амар амгалан, сэтгэл хиргүй амьдрах болж байна гэх асуулт сэтгэлд ургана. Шийдэх гэж хичээж байгаа нь бас үнэн. Гэхдээ бүхнийг ийнхүү хараар будах хэмжээнд арай л хүрээгүй баймаар юмсан. Ийм уур амьсгал бүрдүүлснээр бид ойд төөрсөн сармагчин шиг алдаж эндэхээс өөрийг хожихгүй нь ойлгомжтой. Нам хийгээд хөдөлгөөнүүд явцуу эрх ашгийн үүднээс хэнийг ч хамаагүй нулимах болсон нь үүнийг бэлээхэн батална.

Яагаад бид эрүүл саруул ухаанаар дугуй ширээний наана, цаанаас зөв буруугаа ярилцаад зөв гарц зөв замаа олж болохгүй гэж. Ашиг хонжоо, луйвар гүтгэлэг, нийгмээ талцан харгалдуулахыг үнэний боол сэтгүүлч бид өөрснөө хийгээд байгаа юм биш үү гэж эмзэглэн бодоход хүрч байна. Үнэн гэж алга болжээ. Нэг үйл явдлыг хоёр өөрөөр тайлбарладаг болчихсон энэ цаг үед бүгд ижилхэн мэдээлэл гарч байгаа ч үнэнийг мэдэх гэсэн иргэд хэд хэдэн сонин, тоог нь хэлэхийн аргагүй сайт, тоочоод баршгүй телевизүүдийг бүгдийг нь харьцуулах харж гэмээнэ дундаас нь нэг ойлголттой болох жишээтэй. Арай гайгүй нэг нь тэгнэ шүү. Мань мэт шиг тааруухан нэг нь тэр олон “бүтээл”-ээс таарсан нэгийг нь хараад л түүндээ итгэж, асуудлыг огт өөрөөр ойлгох нь энүүхэнд.

Укрианд тэр аяараа бужигнаж байна. Үймээн гараад хэдхэн хонож байхад амь үрэгдэгсдийн тоо хэдэн арваар тоологдсон талаар мэдээллийн агентлагууд биесээсээ өрсөн шуугицгааж байна. Ингэхдээ зэвсэгт тэмцэлд уриалан дуудсан сөрөг хүчний гол дуу хоолой нь хэвлэл мэдээллийнхэн байсан талаар барууныхан мэдээлж байна. Улстөрчид нь авлигач, сайдууд нь луйварчин байсан байж болно, ард түмэн нь дургүйцэж жагсч цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн байж бүр ч болно. Гэхдээ арай ч ийм цуст тэмцэлд хэвлэл мэдээлэлийнхэн уриалан дуудаж яавч таарахгүй.

Хэвлэл мэдээллийнхэн дөрөвдэгч засаглалын титмийг орой дээрээ омог бардам залдгийнхаа хувьд хаа ч ийм цуст тэмцэлд ард түмнээ уриалах ёсгүй. Энэ хэвлэлийнхнийн эрх, бус үүрэг нь.

Тэгвэл үүний эсрэгцэл болсон жишээг хэдэн жилийн өмнөх Польшоос харж болж байна. Ерөнхийлөгч, сайдууд, нийгэм соёлын нэрт зүтгэлтнүүд онгоцны ослоор амь үрэгдсний дараа бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагынхан эрх баригчдынхаа эсрэг хүчтэй шүүмжлэлээ зогсоож ард түмнээ эв нэгдэлтэй байхыг сануулан, хэцүү цагт аливаад хүн ёсоор энэрэнгүй ухаалаг байхыг уриалж байлаа. Осол болохоос өмнө улс төрийн нөхцөл байдал их л хурцадмал байсан, эрх баригчдыг суудлаасаа буухыг шаардан жагсаал цуглаан хүртэл өрнөж байлаа. Үүнийг далимдуулаад увайгүй нэг нь төрийн эргэлт ч хийж болох л байсан. Гэтэл тэд тэгээгүй. Харин Крымд төр засагтаа итгэх итгэл нь алдарч Оросыг дагахаар болсон. Сөрөг хүчнийхнийн аманд орсон хэвлэлийнхэн нь үүнийг нь улам бүр хүчтэй турхирсан нь илт.  

Энэ нь хоёр ард түмний тун ялгаатай араншин мэт санагдаж байгаа ч хэн тэдний толгойг ингэтлээ угааж нэгийг нь харгис хэрцгий, нөгөөг нь ийм энэрэнгүй болгочихов оо. Иргэдэд буруу өгөхийг хүссэнгүй. Харин ч эсрэгээрээ хэзээ ч муу ард түмэн байдаггүйг анхааруулах хэрэгтэй. Өнөөдөр аль ч нийтлэлийн дор байрлах сэтгэгдлийн буланд “бууд, тонилго, дүүжил, шатаа, новш, луйварчин” гэдэг үг “сайн байна уу”-гаас илүү харагддаг болтлоо бид бухимдалтай явдаг болжээ. Үүнд харгислалд уриалагсад л буруутай.

Хар дарсан зүүд шиг долдугаар сарын 1-ний үймээн самууныг өнөөгийн Укрианд өрнөөд байгаа хэрэг явдалтай өөрийн эрхгүй зэрэгцүүлэн бодоход хүрлээ. Тэр үед хэвлэлийнхэн бид бишгүй л даарин дээр нь давс нэмсэн. Үр дүнд нь юу болсныг дурдахаас ч айж эмээх юм. Эндээс нэг зүйл ажиглахад хэвлэлийнхэн маань нэр төр, ашиг орлогод дэндүү шимтдэг болоо юу даа гэсэн эмзэглэл төрснөө нуух юун. Уг нь дэндүү гэдэг үгийг хэлмээргүй байна. Угаас ийм сэтгэлгээтэй бол энэ мэргэжлээр ажиллах ёс зүй нэг ч сэтгүүлчид байх ёсгүйсэн. Харамсалтай нь тийм биш байна. Өнөөдөр мөнгөтэй л бол хэний ч халаасанд орж хэний ч амаар ярьж, орилж чадах сэтгүүлчдийн бүхэл бүтэн арми бий болчихлоо. Энэ бол мянга мянган шударга сэтгүүлчдийн хувьд гашуудаж барахгүй гүн эмгэнэл. Сэтгүүлч, улстөрч хоёр хэзээ ч нэг хөнжилд орж болохгүй гэдэг бичигдээгүй зарчим Монголд харин урвуу утгаараа үйлчилж байна. Зарим нь нэг хөнжилд орохоос ч илүүг гүйцээгээд байх шиг.

Тэдний хийсэн мэдээлэл, нийтлэлүүдийн гол санаа нь худал үгийг зуу дахин үнэн гэж хэлбэл үнэн болдгийн гашуунаар хачирласан гэж хэлж болно.

Хорь гаруй жилийн турш ардчиллын замаар явахдаа бидэнд оносон ч алдсан ч зүйл олон. Нэг алдаа ч биш арвыг ч алдсан биз. Тэрнийг засахын тулд хувьсгал хийх хэрэгтэй юм бол хийе. Оготны хамраас ч цус урсгалгүй хувьсгал хийж чадсан юм чинь хоёр дахиа хийж чадна. Гэхдээ та нөхдийн уриалаад байгаа шиг цуст хувьсгал, хүчирхийллээр төрийн эрх мэдлийг булааж авах хувьсгал бус тайван замаар оюуны хувьсгалыг санал болгох байна.  

Хүчирхийлэл хэзээ ч амгалан тайвныг авчирч байгаагүй. Элэг нэгт монголчууд минь ямар их үнэ цэнээр тусгаар тогтнол минь, ямар их хүндрэл бэрхшээлээр энэ хөгжил дэвшил ирснийг хэн нэгэн сануулаад байхааргүй сайн мэднэ.

Төр ямар тогтолцоотой байж иргэн төр хоёр ямар эрх үүрэгтэй байхын хөгжлийн гарц маань юу байна, ганц хүүхдийн нүднээс нулимс унахааргүй тийм амьдралыг яаж бий болгох вэ гээд эрүүл саруулаар ярилцвал бид харин дэмжье.

Биднийг өөр хоорондоо тэмцэлдэж байх хооронд ертөнцийн бараа нь улам алсарлаа. Хүлэгдсэн бие хөшиж орхивол итгэл найдвар тун багахан үлдэх нь мэдээж. Гутранги үзлийн үл үзэгдэх нарийхан хүлгийг тас татахын оронд аминч бодлын бяцхан ертөнцдөө тус тусдаа амьдарсаар нийтээрээ уруудаж байгаа нь бидний үнэн. Хэнд ч хэрэггүй мэт энэ улиглал харин бидэнд одоо л хэрэгтэй мэт санагдсан.

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж