&#34Ухаант хонгороосоо салах л хамгийн хэцүү байлаа&#34

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

&#34Ухаант хонгороосоо салах л хамгийн хэцүү байлаа&#34

"Морьтон Монгол" төслийн багийн гишүүн Н.Ганзориг: Ухаант хонгороосоо салах л хамгийн хэцүү байлаа

Монгол орноо морьтой тойрч буй залуус сар нэг хоногийн хугацаанд 1500 км зам туулаад байна. Тэднийг Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд байхад нь утсаар холбогдож, багийн гишүүн Н.Ганзоригоос аян замын сонин дууллаа.

-1500 км замыг амжилттай туулаад байгаа танай багийн хамт олонд баяр хүргэе. Сайхан аялж байна уу?

-Өө сайхан сайхан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас гарснаас хойш 1500 км зам туулан Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд хүрэлцэн ирээд байна. Гарснаас хойш яг сар нэг хонож байна. /6.16нд/ Аялал эхэлсэн говийн сумдын нутгаар байгал цаг уурын нэлээд бэрхшээлтэй байлаа. Зарим  нэг газраар нь сүүлийн хоёр жил бороо, цас ороогүй гээд ган гачигийн байдалтай байна. Ийм газруудаар аялсан эхний 15 хоног хамгийн хүнд байлаа. Морьдондоо идүүлэх өвс байхгүйгээс гадна ус олдохгүй. Олдлоо гэхэд ховоо байхгүй гэх мэт хүндрэлүүд гарч байсан.Дунджаар 30-40 зам туулж байж нэг худаг таардаг. Шөнө харанхуй болсон байсан ч хамаагүй худаг усандаа хүрэх гээд л явдаг байсан. Зарим худагт нь хулгана орж үхээд, ус нь үмхийрчихсэн, морь мал услах аргагүй болчихсон байх ч бий. Гэсэн ч бид ховоогүй бол гялгар уут, хоолны тогоо зэргээрээ аргалаад усалдаг байсан. Говьд ер нь ундны усны бэрхшээл ихтэй юм билээ. Дээр нь бид Өмнөговийн нутгийг элсэн хөрстэй гэж төсөөлж байсан чинь эсрэгээрээ  чулуу ихтэй байсан. Үүнээс болоод морьд маань улдаж, ер нь эхний 15 хоног хүн малгүй ядарсан шүү. Морьд маань улдаж цааш явахад хүндрэлтэй болсон учраас Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хаймаран тахаар тахлуулсан.  Түүний хүчээр нэг хэсэг гайгүй болсон ч  морьд маань өлдөх хандлагатай болсон  л доо. Тэгж байгаад харин Говь-Алтай аймгийн Цээл сумын нутгаас эхлээд өвс ногоотой залгаж,  морьд маань идэх хоол, уух устай болсон. Гэсэн хэдий ч морьд маань улдаж ядарсаар байсан тул нэг хоног амраад, зарим нэг морьдоо тэнд нь сэлгэсэн.  Хамгийн хүнд хэсгүүдийн нэг нь Говь-Алтай аймгийн Цогт сумын нутгаар явах байлаа.

-Яагаад?

-Маш өндөр эгц цавчим уулс дундуур явах хэрэгтэй болсон. Дан хадан дундуур явна гэдэг үнэхээр амаргүй байсан. Бид чинь тийм өндөр уул үзээгүй. Зарим нь бүр талын хүмүүс шүү дээ. Тийм болохоор хараад л сүрдчихэж байгаа юм чинь. Ёстой нөгөө оройг нь харах гэж малгай унана гэдэг болсон. /инээв/Гэсэн хэдий ч бид даван туулсан.

-Бидэнд илгээсэн зурагнаас үзэхэд Говь-Алтай аймгийн нутгаар аялахдаа ховор сонин амьтадтай нэлээд таарсан харагдсан?

-Тиймээ, говийн их дархан газрын Б хэсэг тахийн даваанд морьдоо нэг хоног амрааж хоносон. Аялж байх зуураа аргал, янгир, тахь, хар сүүлт гээд ховор амьтадтай таарсан.

-Морьдоо хоёроос бусдыг сэлгэсэн гэсэн. 1500 км туулаад байгаа морьд дажгүй юу?

-Аялал эхлэхдээ 11 морьтой гарсан. Түүний тавыг нь Жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Энхболд ах бэлэглэсэн юм. Зам зуур морьд маань улдаж, өлдөөд нутгийн ардуудын мориор сольсоор тэндээс гарсан гурван морь л үлдсэн байсан юм. Тэгсэн одоо бас нэгнийх нь хөл доголоод солихоос өөр аргагүй болж байх шиг байна. Уг нь бид энэ хэдийгээ арчилж амрааж байгаад аяллаа дуусгачихъя гэсэн бодолтой байсан юм. Аяллын явцад Говь-Алтай аймгийн харъяат МУ-ын Алдарт уяач Т.Гантөмөр гэдэг хүн бидэнд нэг морь бэлэглэсэн. Мөн "Ховд нутгийн хөгжлийн төлөө" сангийн тэргүүн  Адьшаа гэдэг хүн Баттулга гишүүнээр дамжуулан хоёр морь бэлэглэсэн. Одоо бид 14 морьтой болсон.  Энэ дашрамд "Ховд нутгийн хөгжлийн төлөө" сангийн тэргүүн  Адьшаа ахдаа маш их баярлалаа гэдгээ дуулгамаар байна. Нутгийн иргэдээрээ зам заалгахаас эхлээд, бүх морьдыг маань тахалж өгөн бидэнд маш их тусалсан.

-Хаа ч очсон их сайхан хүлээн авч байна гэж байсан?

-Хаа сайгүй  морь унадаг хүн ховордож. Тиймээс биднийг их дэмжиж, урам хайрлаж байгаа. Ялангуяа говийн аймгуудынхан биднээр их бахархаж байна гэсэн. Яагаад гэхээр тэнд адуутай хүн бараг алга. Адуу байлгах ч боломж нөхцөл алга.

-Хэд хэдэн аймгийн нутгаар явчихлаа. Орон нутагт байдал ер нь ямархуу байна.

-Миний хувьд хамгийн бахархалтай санагдсан зүйл бол говийн их дархан газрын Б хэсэг дэх тахь үржүүлгийн төв байсан. 100 гаруй тахьтай болчихсон. Гол нь нутгийн иргэд байгалиа, тахиа хамгаалахад сайн дурын үндсэн дээр оролцдог гэдэг нь үнэхээр сайхан санагдаж байсныг хэлэх нь зүйтэй байх. Мөн Ховдын Захчин түмэн маань хил хамгаалах ерөнхий газрынхантай хамтарч баруун хилээ хамгаалалцдаг гэж байна лээ. Тэр бас их сайхан санагдсан. Монголчууд өв уламжлалаа алдсан гээд яриад байдаг. Хөдөө бол бидний сонсч өссөн ном сонин дээрээс уншдаг тэр ахуй байдал хэвээрээ л байна. Бараан газраас цайгаа бариад угтаж байна.

-Намайг хүүхэд байхад л манай нутгийнхан /Баянхонгорынхон/  аянчин гийчдээ тэгж угтдаг байсан. Тэр зургийг хараад сэтгэл их хөдөлсөн шүү?

-Олон хоног хол замд яваа биднийг тэгж угтах үнэхээр сайхан санагдсан. Ер нь Баянхонгорынхон их сайхан угтсан шүү. Ховд аймгийн нутгаар явахдаа Захчин,Торгууд түмнийхээ ахуй соёлтой танилцсан. Үндэстэн ястан бүр л бидэнд өөрсдийнхөө өв уламжлалыг илэрхийлсэн зан үйлээс танилцуулж байна. Дуулах хуурдах биелэх гээд л… Ялангуяа Захчин түмэн залуу үедээ зааж сургах, өв уламжлалаа хадгалах тал дээрээ ихэд анхаардаг юм билээ. Одоо Казак түмнийхээ ахуй соёлтой танилцаж явна. Баян-Өлгий аймгийн иргэдийн 20 орчим хувь нь Урианхайчууд байдаг юм байна. Урианхай түмэнтэйгээ уулзаж, ахуй амьдрал соёл, зан үйлийнх нь талаар асуулаа. Мөн Казак айлд зочилж, бүргэдээ хэрхэн сургаж, тэжээдэг талаар мэдэж авлаа. Өдөр тутам л шинэ зүйл мэдэж авч байна даа. Бас нэг сонин зүйл гэвэл Баян-Өлгий аймгийн нутагт орж ирээд маш хүчтэй цасан шуургатай таарлаа.

-Цасан шуургаа зургаадугаар сар шүү дээ?

-Харин тийм. Зургаан сарын 20-д дөхөж байхад энд цасан шуурга тавьж байна. Монгол орон маань цаг агаарын эрс тэс уур амьсгалтай гэдгийг мэдрээд л явж байна даа. Цасан шуурга нь маш хүчтэй. Морь эргэж хургаад явахгүй байлаа шүү дээ. Дэлүүн сумын нутаг Улаагчийн даваанд ийм үйл явдал боллоо.

-Адал явдалтай л аялж байгаа юм байна?

-Харин тиймээ. Гэхдээ өөрсдийнхөө хүсэл зоригийн дагуу аялж байгаа болохоор харин ч сонирхолтой байна. Мэдээж ядрах үе байлгүй л яахав. Гэхдээ морьдоо хараад л сэргэчихдэг. Холын замд хүн морь хоёр эрхгүй ээнэгшдэг юм байна шүү. Морь малын хөл өвдчихөөр өөрсдөө өвдөж байгаа юм шиг л эмзэглэх юм байна шүү дээ.

-Аяллын явцад сэтгэл эмзэглүүлсэн зүйл юу байв?

-Өмнөговь аймгийн нутгаар явахдаа нэлээд эмзэглэсээн. Сүүлийн хоёр жил бороо цас ороогүй ган болсон гээд мал хуй байхгүй. Оторт явчихсан. Уул уурхайгаасаа болоод газар нутаг нь их эвдэрсэн байна лээ. Тэгээд ер нь монгол хүн малгүй байна гэдэг тэр тусмаа хөдөөд үнэхээр сэтгэлд эмзэг юм билээ. Энэ талаар орон нутгийн удирдлагууд анхаараасай гэж хүсч байна. Сэтгэл эмзэглүүлсэн өөр нэг асуудал бол өлийн цагаан оготно. Бэлчээрийг маш ихээр сүйтгэж байна. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг маш их идэгдсэн байна лээ. Бугат сумын нутгаас тахийн тал ороход морьтой явахын аргагүй юм байсан. Морь нэг алхаад бүдэрдэг. Бид маш олон удаа морьтойгоо унасан.

-Энэ бүхний эцэст багагүй ядарч буй байх. Ер нь жин хэр хасч байна?

-/инээгээд/ Олон хоног сар морин дээр яваад турж ядрах байх гээд анх гарахдаа өөрдсийгөө жигнэсэн юм. Тэгсэн эхний хэд хоног нэлээд жин хаях маягтай болж ирснээ сүүлдээ харин эсрэгээрээ жин нэмээд таргалаад байгаа. /инээв/ Ялангуяа би. Багийнхан дундаа хамгийн тарган нь болж байх шиг байна.

-Хэдэн кг нэмэв?

-Анх гарахдаа 80 орчим кг байсан бол одоо бараг 90 кг дөхөөд байна. Манайхан намайг "бүдүүнээ" гээд  шоолоод байгаа. /инээв/ Монгол хүн ер нь морио унахдаа ядарч сульдах биш харин ч бүр бие хаа нь чангарч, өнгө зүс орон улам бүр жавхаажиж байдаг юм байна. Өдөр ирэх тусам монгол нутагт монгол хүн болж төрснөөрөө бахархаж байна. Энэ аялалд гарсандаа маш их баяртай байгаа.

-Урт зам туулж, олон хоногийн турш ээнэгшсэн морьдоосоо салах амаргүй биз?

-Хамгийн хэцүү л юм тэр байна. Заримдаа бүр нулимс унагах ч тохиол гарч байна. Аяллын санал санаачлагаа гаргаад хүмүүстэй уулзахад хамгийн түрүүнд бэлгэнд ирсэн хонгор морио Говь-Алтай аймгийн нутагт үлдээхдээ өөрийн эрхгүй самсаа шархирсан шүү. Онон Тод манлайн бэлэглэсэн морь байгаа юм. Хонгор морьтойгоо би маш их дассан байсан. Багийнхан дотроо жин ихтэй нь учраас арай бие хаа томтой морийг нь би унадаг. Хонгор морь их сайхан бие хаатай адуу л даа. Тэгээд би унах болсон юм. Явахаасаа өмнө арван хэд хоног тэжээгээд, гарсан цагаасаа хойш хонгор морио гол төлөв унадаг байсан болохоор үлдээхэд маш хэцүү байлаа. Говь-Алтай аймгийн Бугат суманд сольж үлдээсэн л дээ. Уг нь ч ахиад явбал явахаар л байсан байх. Гэхдээ сайхан хүлгээ тартагт нь тулгаж яахав гээд үлдээсэн юм. Миний хонгор морь үнэхээр ухаантай сайхан хүлэг. Ямар сайндаа Ухаант хонгор гэж нэрлэж байхав.

-Ухаант хонгор жишээ нь яахав?

-Хад чулуунаас эхлээд замын бартаа саадыг тойрч гардаг. Бусад морьд нь хад чулуун дээр гишгээд гарч байхад хонгор морь тойроод л гарна. Өлийн цагаан оготны нүх таарахаар мөн тойроод гарна. Говьд дэрснээс өөр идчих юм байхгүй шүү дээ. Тэгээд морь хазахаар үндэстэйгээ гараад ирж байгаа юм. Бусад морьд дэрсийг шороотой нь идчихэж байхад хонгор морь үндэснийх нь шороог газар шүргүүлж унагаж байгаад идэх жишээний. Энэ мэт үйлдлээс нь харж байгаад Ухаант хонгор гэж нэрийдсэн. Бас нэг шарга мориндоо Наран шарга нэр өгсөн. Ер нь бид хэд бараг бүх морьдондоо нэр өгсөн дөө.

-Монгол жижигхэн, хамаагүй юм яривал хамаатан болно гэдэг. Тиймэрхүү тохиол гарав уу?

-Манай зурагчин Ганболд ахад маань бараг л очсон газар бүртээ тийм явдал тохиодог юм. Саяхан бид Үенчийн заставт очоод штабын даргатай нь ярилцаж байсан чинь нэг хорооллын нэг гудамжинд амьдардаг байсан танил нь болж таарсан. Нэг газар очоод хүмүүстэй ярилцаж байхад аль нэг найзыг нь таньдаг болоод л явчихдаг юм. Ер нь танил ихтэй шүү.

-Морь малны зураг аваад их явсан даа?

-Харин тийм гэсэн. Би өөрөө Хөвсгөл аймгийн Тариалан сумынх ч ээж маань Ховд аймгийн Манхан сумын хүн. Захчин ястан байгаа юм. Тэр утгаараа Алтай сумынхан  биднийг маш элэгсэг дотно хүлээж авлаа. Нээрэн би Говь-Алтай аймгийн Цогт сумын нэг найзтай юм. Тэгсэн Үенчийн заставт нэг өдөр цэргийн амьдралаар амьдарч байхдаа нэг залуутай танилцсан чинь манай найзын дүү нь байж таарсан.

-Хоол ундны тал дээр ямар нэг асуудал гарч байна уу?

-Асуудалгүй ээ. Сараар ээлжлээд хоолоо хийж байгаа. Энэ сар миний ээлж. 5-р сарын 27 -нд ээлжээ авсан.

-Тогоочоор ажиллаад жин нэмээд байна уу? Үгүй юу?

-Үгүй үгүй. /инээв/ Аялал зохиж байгаа юм байлгүй таргалаад л байна. /инээв/

-Нэг сар гэдэг арай урт биш үү?

-Бид дор бүрнээ үүрэгтэй. Би хоолоо хийхэд нөгөө хэд маань морь малны хэрэгсэл эмээл хазаараа нэг нь, морьдоо нэг нь гэх мэтээр тус тусдаа өөр өөр зүйл хариуцдаг. Хоолны ээлжээ ойр ойрхон солихоор байнга нүүж яваа хүмүүс чинь юмаа олохгүйгээс эхлээд асуудал гардаг юм. Тиймээс сар гэсэн хугацаа тавьж байгаа юм.

-Одоо наанаасаа  хаашаа явах билээ?

-Алтай сум орно.

-Аялалд нь амжлт хүсье. Сайхан аялаарай.

-Баярлалаа.

А.ТЭЛМЭН

Эх сурвалж: www.todmagnai.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж