“Хууль амьдрах чадвартай байх ёстой”

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

“Хууль амьдрах чадвартай байх ёстой”

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи дэмжээгүй тул төсөл уналаа. Гэхдээ уг хуулийн төслийг буцаах эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байж эцэслэнэ.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат санаачилсан юм. Хуулийн төсөлд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах асуудлыг тусгажээ. Ингэхдээ утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэж өгсөн талбайг гадаа, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгаарласан тасалгааг дотор байхаар зааж цэг бүрт тэмдэг байрлуулахаар. Мөн утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт тавигдах стандартыг  эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар зааж утаат тамхи татахыг хориглосон газарт эмнэлэг, сувилалыг оруулахаар тусгасан байна. Харин нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулж болохоор, мөн энэ хуулиар хориглосноос бусад нийтийн эдэлбэрийн газарт зөвшөөрөгдсөн цэг байгуулах асуудлыг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэхээр тус тус заажээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ардчилсан нам дээрэмчин болж, өмнө нь би Тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачилж байсан, УИХ дэмжээгүй буцаасан. Гэтэл одоо өргөн мэдүүлсэн хуулийн төсөл өмнөхөөсөө дордсон байна. Төсвийн мөнгөөр тамхины хяналтын цэг байгуулж болохгүй. Төсөвт хэр ачаалал өгөхийг судалж үзсэн үү. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат та торгуулиа төлсөн үү” гэв.

Үүнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Би хууль дээрэмдэгч биш, таныг Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар санал авах үед би төслийг дэмжиж гарын үсэг зурж байсан. Чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхэд дэмжиж байсан, төслийг УИХ-аас унгавал би өөрөө хуулийн төсөл санаачилна гэдгээ  хэлсэн. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд хууль санаачилсан гэж ойлгох хэрэгтэй.

Тамхины цэг байгуулахад төсвөөс хөрөнгө гаргахгүй, аж ахуйн нэгжүүд өөрсдөө цэг байгуулна. Торгуулийн тухайд та миний татсан тамхины тоог гаргаж, 40 сая төгрөгийн торгууль гэдэг тоо наачихаад байнга энэ тухай асуугаад байх шаардлагагүй. Торгууль тогтоодог нь та биш” гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Тахины хяналтын тухай хуулийг баталснаар тамхи татдаг хүмүүс тамхинаас татгалзаад байна. Гэтэл энэ хуулийн өөрчлөлтөөр ажлын байрны дотоод орчинд тамхины цэг байгуулахаар зааж өгч. Иргэд гадаа тамхи татаад сурчихсан. Ордон дотор тамхи татдаг хэдхэн эрэгтэй гишүүдийн эрх ашгийг бодож тамхины төсөв батлах болж байна уу. Тамхи татахыг эсэргүүцэж байгаа хэдэн мянган хүн хандаж байна” гэсэн юм.

Эл асуултад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Тамхины хяналтын тухай хууль батлагдан гарснаар утаат тамхийг баар, ресторан зэрэг газарт татахаа байж, цэвэр орчин бүрдсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ үүний цаана дам тамхидалт,  гадна орчинд тамхины иш задгай хаялт гээд сөрөг үзэгдэл гарч байна. Тамхи татдаг цөөнхийн зуршлыг хуулиар хязгаарлах бүдүүлэг үйлдэл рүү явж болохгүй. Олон улсад ч хүний зуршлыг хуулиар хязгаарладаггүй. Үүнийг хэлснийхээ төлөө би олон хүний эсэргүүцэлтэй тулна.  Тамхины цэг байгуулахад төсвөөс хөрөнгө гаргахгүй. Тийм учраас хуульд өөрчлөлт оруулах хүрээнд тамхи татах цэгийг гадаа ч дотор орчинд ч байгуулахаар заалт оруулсан. Аливаа хууль амьдрах чадвартай байх ёстой. Тамхи татах цэгийг хуульчилж өгөөгүй цагт хууль хэрэгжих боломж нь хязгаарлагдмал сөрөг үр дагавар олныг дагуулж байна. Би бүсгүй хүнтэй маргамааргүй байна” гэсэн юм.

Ингээд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлэх үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Хууль амьдралд хэрэгждэг байх ёстой. Энэ утгаараа тусгай цэг байгуулах нь зөв олон улсад ч хэрэгждэг жишиг. Хуулийн хэрэгжилтийг УИХ өөрөөсөө эхлүүлж, цаашлаад Засгийн газар, яам агентлаг, төрийн байгууллагууд хангаж ажиллах ёстой. Хуулийг төр нь хэрэгжүүлэхгүй байж ард иргэдээ шахаад дарамтлаад байж таарахгүй. Тиймээс Тамхины хяналтын тухай хуульд уян хатан зохицуулалт шаардлагатай байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Тамхины хяналтын тухай хуульд заасан сургууль, цэцэрлэгээс 500 м-ийн зайд тамхи худалдан борлуулах тухай заалтыг өөрчлөхгүй цагт сөрөг үр дагавар арилахгүй. Эл асуудлыг Д.Эрдэнэбат гишүүн хуульдаа тусгасангүй. Гэхдээ олон улсад мөрддөг жишгийн дагуу тамхи татах тусгай цэгтэй болох нь зөв. 2016 онд Хөшигтийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орно. Тэгэхэд тэнд тамхи татах тусгай цэг байхгүй байх уу. Аль ч орны нисэх онгоцны буудалд дундын бүс гэж бий” гэсэн юм.

Ингээд Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдээс тав нь төслийг дэмжсэнээр олонхийн дэмжлэг хүлээж чадсангүй.

Гэхдээ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд байнгын хорооноос гаргасан саналыг босгоод ирэх боломж бас бий.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж