Засгийн чадаагүйг “Bank of China” оруулав уу?

Хуучирсан мэдээ: 2014.06.18-нд нийтлэгдсэн

Засгийн чадаагүйг “Bank of China” оруулав уу?

Эрх баригчдын босгож чадахгүй хөрөнгийг “Bank of China” оруулаад ирэв үү

Хятадын төрийн өмчит “Bank of China” банк Монголд төлөөлөгчийн газраа нээснийг зарим нэг хүмүүс их л соргогоор хүлээж авч, “Монголын банк санхүүгийн салбар Хятадын эрхшээлд орох нь” хэмээн сандарсан шинжтэй ярьцгааж байсан нь саяхан. Хятадууд Монголд бусдаас арай өөр бодлого хэрэгжүүлдэг гэж бодоцгоодог болохоор хүн бүр л энэ талаар ярьж, аймаар, аймаар биш гэлцэн талцаж байлаа. Ялангуяа арилжааны банкууд хамгийн их болгоомжилж байсан нь үнэн.

Тэгвэл БНХАУ-ын “Bank of China” өнгөрсөн долоо хоногт эхний 25 сая ам.долларын зээлээ олгохоор болжээ. Албан ёсоор үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн гэсэн үг. Манай 40 гаруй аж ахуйн нэгж эрчим хүч, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбарт төсөл хэрэгжүүлэхээр нийт гурван тэрбум ам.долларын зээл хүсээд байгаа талаар урд хөршийн хэвлэлээр мэдээлсэн байна.

Тэгвэл энэ мэдээлэлтэй давхцан “Хятадын банк аюултай” гэсэн утга­тай сөрөг мэдээлэл дахиад ца­цагдаад эхэллээ. Аливаа зүйлд олон ургальч үзлээр хандах нь ашигтай ч заримдаа бас хортой. Пи ар хийгээд сурчихсан манайх шиг улсын хувьд бүр аюултай.”Bank of China”-гийн хувьд алдаатай гэхээсээ ашигтай тал нь илүү жин дарж байна. УИХ нь хөрөнгө оруулалт олох гээд өрийн босгоо нэмэгдүүлэх гэж ядаж байхад гадны мөнгийг “цаашаа”түлхэх нь хэр ухаалаг үйлдэл вэ.

Хятадын хамгийн том дөрвөн банкны нэг “Bank of China” нь дэлхийн 31 оронд төлөөлөгчийн газартай. Хятадын хөрөнгө оруу­лалттай аж ахуйн нэгж болгонтой оронд төлөөлөгчийн газраа нээж, тэднийхээ олж ирсэн хө­рөн­гө мөнгийг хурааж хумьж суу­­даг. Тавантолгойн тендерт “Шен­­хуа” ялалт байгуулж, дий­лэнх ху­вийг нь эзэмшихээр болж байх үед энэ банк төслийн зөв­лөх банк болохоор өрсөлдөж бай­сан. Энэ шалгаруулалтад хэ­дий ялагд­­сан ч /Австралийн “Мэк­вэари” банк ялсан/ хэрвээ “Эр­дэ­нэс Тавантолгой”-н хувь­цааг Хонконгийн бир­жид арилжаалахаар болбол да­хин сонгон шалгаруулалтад ялах магадлал өндөртэй гэж тоо­цогдож буй. Тиймээс Монголд үйл ажиллагаа явуулахаар болсон нь хэдэн алхмын цаадахыг харсан нүүдэл ч байж мэднэ. Тавантолгойн IPO гаргах ажил нүүрсний ханшаас гадна худалдан авагч тодорхойгүй байснаас болж хойшлогдсон. БНХАУ нүүрс авахгүй бол хийгдэхгүй байсан гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн жил БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хооронд 20 жилд тэрбум тонн нүүрс худалдах, худалдан авах санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Ингэснээр зах зээл баталгаатай болсон учир одоо зөвхөн ханш өсөхийг л хүлээх үлдсэн. Ийм том нөхцлийг хангасан учраас БНХАУ оронд нь өөр санал тавьсан л байж таарна. БНХАУ-ын “Сөрсөн базаа” нь “Bank of China” байж мэдэх юм даа. Тийм ч болохоор их л шуудхан маягтай орж ирээд төлөөлөгчийн газраа нээж, өнгөрсөн долоо хоногоос зээл өгөхөөр болж байна. Асуудал нэгэнт дээгүүр яригдсан гэдэг нь тодорхой болсон учраас бидэнд одоо “гар бариад бугуй барьчихгүй байгаа даа” гэж л санаа зовохоос өөр асуудал үлдэхгүй нь шив дээ.

“Бугуй  барина”  гэдэг нь сал­бараа нээгээд манай арил­жааны банкуудтай өрсөлдөхгүй байгаа даа гэж байгаа юм. “Bank of China”-гийн хувьд “Иргэд, жижиг аж ахуйн нэгжид зээл олгохгүй” гэж мэдэгдсэн. Ин­гэснээрээ “Арилжааны бан­кууд­­тай өрсөлдөхгүй” гэсэн мэ­­дэгд­лийг хийчихсэн байгаа. Гэх­­дээ байна шүү, арилжааны бан­­куудтай өрсөлдүүлсэн ч яадаг юм бэ. Тэднийг “Нохойд барьдаг мод” гэдэг шиг арилжааны банкуудад барих ташуур болгож болно. Ингэснээр санхүүгийн салбарт олон эерэг хандлага гарах боломжтой. Хөрөнгийн шавхагдашгүй эх үүсвэртэй энэ банк Монголд орж ирээд хүссэн хүсээгүй өрсөлдөөн үүсгэж таарна. Одоо жилийн 18-20 хувь байгаа зээлийн хүү 15, 10 руу ч орж ирэх боломж бүрдэнэ. Хятадын банк орж ирээд юу юугүй хямдхан зээл өгөөд, шударга нөхцөл тавиад байвал энэ хэдэн арилжааны банкууд хүссэн хүсээгүй шударга болно. Хүүгээ урьдчилж их хэмжээгээр авдаг /энэ нь зээлээ хугацаанаас нь өмнө төлөх сонирхлыг бууруулдаг/, харилцагч нараа “найдвартай”, “найдваргүйгээр нь” дугаарладаг, зээлсэн мөнгөө хүүтэй нь тоо ёсоор нь эргүүлж авсан хэрнээ “хар түүх”-ээр шалтаглан зээл олгодоггүй /жирийн иргэдийг/ Монголын арилжааны банкууд том өрсөлдөгчийн өмнө яаж өрсөлдөхийг нь хармаар бай­на. Хятадын банк аюултай гээд байгаа ч үнэндээ манай арил­жааны банкуудаар эргэлдэж байгаа мөнгөн дунд гадны мөнгө явж л байгаа. Гадны мөнгийг бид өсгөж өгч байна. Өнөө мар­гаашаа бодсон, эх оронч биш гэж дуудуулахаас айхгүй л юм бол салбарыг нь нээсэн ч яадаг юм бэ. Бүр хэцүүдээд, хэдэн монгол банкийг нь чадхийлгэх гээд байвал хязгаарлачихна л биз. Тэртэй тэргүй стратегийн салбар юм чинь.

Х.БАТСАЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж