
Айлчлалын үеэр Ляонин мужийн дарга Чэнь Жөнгао, Хармөрөн мужийн дэд дарга Чэнь Юдун, Хөлөнбуйр хотын дэд дарга Зинь Жоу, Хянган аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Чэнши , Шилийн гол аймгийн дэд дарга Ван Жиюань болон Манжуур, Рашаант зэрэг хотын удирдлагатай уулзаж, Монгол Улсын зүүн болон зүүн өмнөд бүс нутгийг хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг тайлбарлан танилцуулав. Орон нутгийн удирдлагууд Монгол Улстай дэд бүтэц, уул уурхай, аялал жуулчлал, боловсрол, худалдаа, агаарын тээвэр болон далайн боомтын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Айлчлалын хугацаанд Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг, Сүмбэр-Рашааны Монгол, Хятадын боомтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, орон нутгийн удирдлагын гаргасан санал, санаачлагыг сонссон нь цаашид Монгол Улсын зүүн бүс нутгийг хөгжүүлэх бодлогыг Зүүн хойд Азийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээн өргөжүүлэхэд ач холбогдолтой айлчлал болов. Түүнчлэн монгол үндэстэн олноор оршин суудаг Хөлөнбуйр хотын Шинэхэн сум болон Хянган аймгийн Хорчины баруун дунд хошуунд зочлосон талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.