-“Бичил уурхай ба алтны худалдаа” хурал болж бичил уурхайчдад тулгамдсан асуудлыг хэлэлцэв-
2012 онд бичил уурхай эрхлэгчид 10мянга 458 иргэн 354.6 кг алт олборлож байсан бол 2014 он гарсаар 38 иргэн 245.6 кг алтыг Монгол банкинд тушаажээ. Бичил уурхайчид ямар ч хариуцлагагүй, газар орон сүйдэлж байна гэдэг ч алтны нөөц бүрдүүлэхэд ийнхүү тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж буй. Гагцхүү төрийн зохион байгуулалттайгаар бичил уурхайг дэмжих хэрэгтэй гэдэг бөгөөд энэ сэдвийг хөндсөн уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд боллоо. “Бичил уурхай ба алтны худалдаа” сэдэвт уг хурлыг Уул уурхай яам, Ашигт малтмалын газар, “Швейцарийн хөгжлийн агентлаг”, “Тогтвортой бичил уурхай төсөл” хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны, иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд, бичил уурхайчдын төлөөлөл оролцсон юм.
Хурлыг нээж УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид “Бичил уурхайчдын олборлосон алтны худалдааг албажуулах, ил тод болгох тухай сэдэв нь цаг үеэ олсон чухал асуудал. УИХ-аас баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох гэж тодорхойлж алтны салбарт ил тод байдлыг бүрдүүлэхтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг “Ашигт малтмалын тухай хууль”-д оруулсан. Үүгээр алт олборлогч аж ахуйн нэгж, бичил уурхайчид олборлосон алтаа Монгол банк болон түүнээс эрх авсан банкинд тушаасан тохиолдолд ашигт малтмал ашигласны төлбөрийг 2.5 хувь болгон бууруулж, олборлосон алтаа тухайн жилдээ тушааж байх болсон.Бичил уурхайчдыг зохион байгуулалтанд оруулах, олборлолт явуулах зөвшөөрөлтэй газартай болгох, байгаль орчинд ээлтэй, аюулгүй арга, ажиллагаанд сургах, албажуулах чиглэлээр УУЯ болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төсөл тодорхой амжилт гаргаж байна” гэв.
УУЯ-ны Стратегийн төлөвлөлтийн газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, “Алт” хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүн Д.Тамир ”Монгол алтны салбарын бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” илтгэлдээ “Монгол улсад Алт хөтөлбөр хэрэгжиж алтны салбар уул уурхайн салбарын нэг том дэд салбар болон хөгжиж байна. Алт олборлогч томхон компаниуд бий болж гадаадын өндөр хүчин чадалтай уурхайн техник ашиглаж байна, техникийн нөхөн сэргээлтийг хийдэг болж алтыг уусган авдаг хоёр баяжуулах үйлдвэр ажиллаж байна. Салбарт шаардлагатай хууль эрх зүйн баримт бичгийг боловсруулж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцүүлэн алтны салбарын зүй, зохистой эрчимтэй 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах, эрх зүйн орчинг цаашид тогтвортой байлгах, алтны хайгуул, олборлолтыг тодорхой тогтоосон газар нутагт явуулах, алт олборлох, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, нөхөн сэргээлт хийх, металл авалтын норматив хязгаарыг тогтоох зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. Монгол улс өнгөрсөн жил Мөнгөн усны хэрэглээг багасгах, цаашид хэрэглэхгүй байх тухай олон улсын конвенцид нэгдэн орсон. Олборлосон алтыг орон нутагт худалдан авч байх тухайд бол Монгол банк, Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, хэмжил зүйн Сорьцын хяналтын албадын орон нутаг дахь төлөөлөгч нараар гүйцэтгүүлэх боломжтой ч хөрөнгө мөнгөний бэрхшээл байна” гэсэн юм.
Яг энэ асуудалтай холбогдуулан хуралд оролцогсод бичил уурхайчид олборлосон бага хэмжээний алтаа нийслэлд ирж тушаах чирэгдэл ихтэй, зардал өндөр, цаг хугацаа алдажбайгааг өөрчлөх хэрэгтэй талаарх саналыг гаргаж байсан. Түүнчлэн орон нутагт болон нийслэлд ажиллаж буй ченжүүдийг цэгцтэй болгох, албажуулах, алтны сорьцийн лабораторийг орон нутаг байгуулж, Монгол банк, арилжааны банкуудыг худалдан авдаг болгох зэрэг асуудалд санал нэгдэж байлаа.
У.БОЛОР