Ерөнхийлөгчийн сонгууль үлгэр жишээ болсон гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль үлгэр жишээ болсон гэв

-ЕАБХАБ-аас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт хийсэн талаарх эцсийн дүнгээ танилцууллаа-

 

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын удирдлагууд Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзаж, Монголд болж өнгөрсөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хийсэн ажиглалтын эцсийн дүнг танилцуулж, санал солилцсон юм.

Уулзалтад ЕАБХАБ-ын Элчин сайд, Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал  Янез Ленарчич, ЕАБХАБ-ын  ажиглагчдын багийн дарга, Элчин сайд Одри Гловер, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн болон албаныхан оролцсон юм. Уулзалтын үеэр ЕАБХАБ-аас өнгөрсөн жил болж өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглалт, судалгаа хийсэн нь олон улсын анхаарлыг татсан талаар төлөөлөгчид онцолж байлаа. Тус байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулийн, ялангуяа иргэдийн санал өгөх явцад анхаарал хандуулжээ. Уулзалтын үеэр ЕАБХАБ-ын Элчин сайд, Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал  Янез Ленарчич “2013 онд Монголд болсон Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, иргэдийн сонгох эрхийг бүрэн биелүүлсэн. Ялангуяа Сонгуулийн ерөнхий хороо ажлаа сайн гүйцэтгэсэн гэж үзэж байна” гэв.

Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд улсын хэмжээнд 20 мянган улс төрийн намын, 4000 гадаадын, 1000 хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид ажиглагчаар ажилласан. Санал хураалтыг орон даяар электрон төхөөрөмжөөр явуулсан бөгөөд саналын дүнг гар аргаар хамтатган гаргасан. Тэгвэл ЕАБХАБ-ын албаныхан Монгол Улс сонгуульдаа электрон төхөөрөмж ашигласныг онцлоод  төвийн үйлчилгээнээс холдсон орон нутагт ч энэхүү төхөөрөмж саадгүй ажиллаж байсныг сайшаав. Ийнхүү ЕАБХАБ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас ажигласан дараах асуудлыг тодруулъя.

Нэгдүгээрт, өнгөрсөн сонгуулийн ажиглагчдыг ямар шалгуураар сонгосон нь тодорхой бус байна гэв.  Үүнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө ажиглагчдыг бэлтгэн үнэмлэх олгоод байдаг талтай. Тиймээс бид дараагийн сонгуулиудад ажиглагч нарыг заавал сургалтад хамруулж, сертифтикат олгож сонгуульд оруулахад анхаарна. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд мөн сонгуульд чухал ажиглагчид тооцогдоно. Тиймээс бид хэвлэлийн ажилтнуудыг  сургалтад хамруулна. Энэ асуудал дээр ЕАБХАБ –аас туршлага, зөвөлгөө авах байдлаар хамтран ажиллах сонирхолтой байна” гэсэн юм.

Хоёрдугаарт, сонгуулийн санал хураалтын дүнг цаг алдалгүй нийтэд цахимаар мэдээлдэг байх хэрэгтэй гэв.

Гуравдугаарт, санал авах байрыг камержуулсан нь саналаа өгч буй иргэдэд тааламжгүй байдал үүсгэж, сонголт нь олон нийтэд нээлттэй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг талтайг төлөөлөгчид хэлэв. Тиймээс энэ асуудлыг сонгогчдыг бодолцон үзэж шийдэх саналыг дэвшүүлсэн юм. Үүнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Бид дараачийн сонгуульд яг энэ асуудалд анхаарал хандуулах болно. Ер нь сонгуулийн явцад ажиглалт хийх дотоодын ажиглагчдын саналаар санал авах байрыг камержуулсан. Дараачийн удаад санал авах байрны камерыг сонгогчийн ширээнээс холдуулах, эсвэл санал өгөх бүхээгийг тус бүрт нь байгуулахад анхаарч ажиллана” гэж хариуллаа.

Дөрөвдүгээрт, санал хураах машин электрон төхөөрөмжийн үйлдэлтэй нь сайн боловч хэний эзэмшлийнх вэ гэдэг нь тодорхой бус байгааг ажиглагчид хэллээ. Тиймээс хараат бус, бие даасан байгууллагаар энэхүү төхөөрөмж аливаа нам хүчний мэдлийнх бус гэдгийг батламжлуулах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байлаа. Мөн электрон аргаар болон гар аргаар санал тоолох нь хоорондоо зөрөхгүй, таарч байгаа эсэхийг цаашдаа нарийвчлан  судлах хэрэгтэй гэдгийг тус тус зөвлөсөн юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж