УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дөнгөж сая Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч олонхи гишүүн "Огцруулах шаардлагагүй" хэмээн үзлээ.
Тус байнгын хорооны хуралдаанд нийт 14 гишүүн оролцсоноос ердөө нэг гишүүн буюу УИХ-ын гишүүн С.Бямбацогт түүнийг огцруулах зөв хэмээн үзэж гар өргөсөн бол бусад гишүүн дэмжсэнгүй, эл асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орохоор боллоо.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах болсон үндэслэлийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулахдаа "Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, ажилтай, орлоготой хүний тоо буурч байгаа. Хөрөнгө оруулалт зогссон, аж ахуйн нэгжүүд олноороо хаалгаа барьж байгаа. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хийгээд бусад хуулиудыг сайд Н.Батбаяр зөрчсөн" гэсэн үндэслэлээр огцруулах хүсэлтийг цөөнхийн бүлгийн 26 гишүүн тавьсан болохыг онцолсон юм.
Гэвч тус байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж оролцсон хэдий ч энэ удаад огцруулна хэмээн гар өргөсөнгүй. Асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх үед өөрчлөгдөх эсэхийг харах л үлдлээ.
Мөн онцлоход, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс хэн нь ч сайд Н.Батбаяраас асуулт асууж, санал хэлэх гишүүн ч байгаагүй юм.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.
Г.ДАРЬ