Их Британи Иран улсын нийслэл Тегеранд Элчин сайдын яамаа дахин нээх болсныг Гадаад хэргийн сайд Уильям Хэйг мэдэгдлээ. Тегеран дахь Их Британийн Элчин сайдын яам 2011 онд халдлагад өртсөний дараа хаалгаа барьж, тус улс Ирантай бүх дипломат харилцаагаа таслаад байсан юм. Ираны босогчид цөмийн хөтөлбөрийн эсрэг авсан хориг арга хэмжээг нь эсэргүүцэн, Их Британийн Элчин сайдын яам руу халдсан билээ. Харин Ираны эрх баригчид Барууныхантай цөмийн хөтөлбөрийн асуудлаар зөвшилцөлд хүрч эхэлснээр хоёр орны хоорондох дипломат харилцаа сэргэж эхлээд буй аж. Үүний зэрэгцээ Их Британи, АНУ тэргүүтэй Барууныхан Иран улстай хамтарч, хөрш Иракт дэгдсэн исламын хэт даврагчдын булаан эзлэлт, бослогыг дарахаар хэлэлцэж эхэлжээ.
Б.АНХТУЯА