С.Бямбацогт: Авлигачдыг өршөөх нь шударга бус

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Авлигачдыг өршөөх нь шударга бус

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр тус бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн гишүүн Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр нар мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх нэг хуулийн төсөл бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль. Энэ хуулийг МАН-ын бүлэг эсэргүүцэж байгаа бөгөөд эдийн засгийн ил тод байдлыг дэмжих нэрийн дор татварын өршөөл үзүүлэх хуулийн төсөл нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн авлигачдыг өршөөхөд чиглэсэн гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна гэлээ.

 Энэ хуулийн төсөлд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо 2014 оны долдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэл хугацаанд илчилсэн хувь хүн, хуулийн этгээдийг өршөөхөөр тусгажээ. Энэ нь Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчмыг алдагдуулж байна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга онцоллоо. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Мөрөөрөө бизнес хийж яваа хүмүүс, олон өрхийн амьдралыг авч яваа бизнес эрхлэгчид,  шударгаар татвар төлснийхөө төлөө хохирч  болохгүй. Хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан нөхдийг өршөөнө гэсэн хууль оруулж ирсэн нь шударга ёсны зарчимд харшилж байгаа учраас бид эсрэг байр суурьтай байна" гэлээ.

Татварын өршөөлийн хуулийн төсөл нь аж ахуйн нэгжид зориулсан гэхээсээ илүүтэй хуулиа сахин биелүүлдэггүй, авлига авч хууль бусаар хөрөнгөжсөн цагаан захтнуудыг өөгшүүлсэн хууль гэлээ. Түүнчлэн нуусан хөрөнгөө ил болгосон тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, иргэн дээр шинэ мэдээллийн сан үүсгэж нууцлах бөгөөд дахин эрүүгийн хэрэг үүсгэхгүй, 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх тайлан, баланс, хөрөнгө орлогын мэдүүлгийг устгахаар заасныг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа аж.

Энэ хуулийн төсөлд нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг, энэ хууль гарахаас өмнө хэвлэн нийтэлсэн мэдээллийг дахин хэвлэн нийтлэхийг хориглоно гэж заасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, энэ тухай мэдээллийг ил болговол иргэнийг таван сая, аж ахуйн нэгж байгууллагыг 50 сая төгрөгөөр торгоно гэсэн заалт оруулсныг ч МАН-ын дэмжихгүй гэлээ.

Бүлгийн хуралдаанаар Газрын тухай хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Бүлгийн дарга С.Бямбацогт "Газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын төлөө санаа зовж үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэд, төрийн бус байгууллага, тэр байтугай УИХ-ын гишүүдийг хэлсэн үгийнх нь төлөө хариуцлага тооцно, хууль хяналтын байгууллага шалгаж ёстой эрх баригчид айлган сүрдүүлж, дарамталж байгаа нь буруу" гээд МАН-ын бүлэг газар шорооныхоо төлөө дуугарч байгаа иргэн, төрийн бус байгууллагуудыг хамгаалахаа мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хууль зөрчсөн Газрын тухай хуулийн төслөө Засгийн газар эргүүлэн татах ёстой гэж мэдэгдлээ. Үндсэн хуулийн 6.5-д "Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно" гэж заасан. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай  хуулийн төслийн 15.5-д "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг худалдана" гэж тусгажээ. Мөн  "Үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан Засгийн газрыг АН-ын бүлгийн дарга нь хамгаалахдаа өмнөх рүүгээ гүтгэсэн байдлаар худлаа мэдээлэл цацсан. 2002 онд батлагдсан Газрын хууль дээр ийм заалт байсан гэж ярьсан нь ташаа" гэв. Ч.Хүрэлбаатар гишүүний хэлснээр 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 6.3-д "Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тодорхой зориулалт, хугацааг, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно" гэж заасан байдаг аж.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж