Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгаль орчинд ээлтэй, олон нийтэд нээлттэй Ногоон хөгжлийн бодлого боловсруулж, 2014 оны зургадугаар сарын 13-ны өдөр Улсын их хурлаар батлууллаа. Өнөөдөр БОНХЯ-наас Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогыг олон нийтэд танилцуулахаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд БОНХ-ийн дэд сайд Б.Тулга, БОНХ-ийн сайдын зөвлөх Т.Чулуун, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Х.Хишигжаргал тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.
Хэвлэлийн хурлын үеэр БОНХ-ийн дэд сайд Б.Тулга,
-Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хэрэглээ, байгалийн нөөцийн хомсдол нь оршин тогтнолд хүн төрөлхтөний цаашдын ирээдүйд эрсдэл учруулж байна. Өдгөө дэлхийн улс орнууд хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжиж байна.
Монгол Улсын хувьд газар нутгийн дийлэнх хэсэг нь харьцангуй байгалийн унаган төрхөө хадгалсан, байгалийн арвин нөөц баялаг, газарзүйн байршил, соёл, уламжлалын давуу талыг ашиглах замаар ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх боломж байна.
Нөгөө талаар манай орны ядуурлын түвшин, орлогын тэгш бус хуваарилалт, байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засгийн бүтэц, эрчим хүч болон бусад нөөц, баялгийн үр ашиггүй, үрэлгэн хэрэглээ, техник, технологийн хоцрогдол, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг байдал зэрэг нь бидэнд бэрхшээл болж байна.
Тиймээс “Эхлээд хөгжье, дараа нь цэвэрлэе” гэсэн өнөөгийн хандлагыг өөрчлөн байгальд ээлтэй, хаягдал багатай, үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэн, нийгэмд хүртээмжтэйгээр эдийн засаг нь өсөх, байгаль орчноо хамгаалах зүйтэйг БОНХЯ анхааран, хөгжлийн бодлогоо боловсруулсан гэлээ.
Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. 2020 хүртэл Ногоон хөгжлийн үндсийг тавина. Харин 2021-2030 онд ногоон хөгжилд шилжих юм байна.
Ногоон хөгжлийн бодлого баримталснаар манай улс байгалийн нөөцөө хэмнэлттэй, үр ашигтай зохистой ашиглана. Мөн ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн салбарын бодлого, төлөвлөлтийг хийж, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх боломж нээгдэх юм. Ногоон хөгжлийн явцад дэвшилтэт технологийг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг бий болгоход иргэдийн оролцоог хангах боломжтой болохыг салбарын дэд сайд онцоллоо.
Монгол Улс цаашид ногооноор хөгжихийн тулд дараах зургаан зорилтыг дэвшүүлэн ажиллах гэнэ. Үүнд:
- Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал, хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ.
Хийх ажил:
- Эрчим хүчний үйлдвэрлэл, аж үйлдвэрийн технологийг шинэчлэн үрэлгэн хэрэглээ, алдагдлыг бууруулах, үнийн бодлогыг оновчтой болгох замаар эрчим хүчний үр ашгийг 2030 он гэхэд 20 хувь нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэж тус салбарт ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.
- Ногоон барилгын үнэлгээний систем, эрчим хүчний аудит зэрэг ногоон шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи, стандартыг нутагшуулан нэвтрүүлж, эдгээрийг дэмжих урамшуулал, хөнгөлөлтийн механизмыг хэрэгжүүлж, барилгын дулааны алдагдлыг 2020 онд 20 хувь, 2030 онд 40 хувиар тус тус бууруулна.
- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.
Хийх ажил:
- Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь, 2030 онд 30-аас доошгүй хувьд хүргэж, хамгаалалтын тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлнэ.
- Ойжуулах ажлыг эрчимжүүлж, ойгоор бүрхэгдсэн талбайг 2030 онд нийт газар нутгийн 9.0 хувьд хүргэж, нүүрсхүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлнэ.
- .Ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлж, хүн амын 90-ээс доошгүй хувийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангаж, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг 60-аас доошгүй хувьд хүргэнэ.
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон, бохирдолд өртсөн, атаршсан газрын 70-аас доошгүй хувийг нөхөн сэргээж аж ахуйн зориулалтаар дахин ашиглахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ.
- Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг нэвтрүүлж, байгаль хамгаалал, хүний хөгжил, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Хийх ажил:
- Дотоодын нийт бүтээгдэхүүний 2-оос доошгүй хувийг жил бүр ногоон хөгжилд зарцуулж, нэгж бүтээгдэхүүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх, байгалийн нөөц ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг өсгөнө.
- Ойн ус тогтоон барих, нүүрсхүчлийн хий шингээх, голын татмын ус хуримтлуулах, цэвэршүүлэх чадавх зэрэг экосистемийн үйлчилгээг тэтгэн, үр өгөөжийг үнэлж олон нийтэд таниулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлнэ.
- Байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгахад чиглэсэн ногоон татвар системийг бий болгоно.
- Засгийн газрын худалдан авалтын 20-иос доошгүй хувийг байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй бараа, ажил, үйлчилгээ авахад зарцуулна.
- Банк санхүүгийн байгууллагын байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгож, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлнэ.
- Ногоон ажил эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулан ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ.
Хийх ажил:
- Олон улсын жишигт нийцсэн чанартай боловсролыг эх орондоо эзэмшиж, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн чадварлаг ажиллах хүчинтэй болж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлнэ.
- Амьжиргааны олон талт эх үүсвэрийг бий болгон, нийгмийн хамгааллын суурийг өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дундаж давхаргыг бэхжүүлнэ.
- Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг сайжруулж аюулгүй байдлыг хангах, эрүүл аж төрөхөд шаардлагатай нийгмийн үйлчилгээг бүх нийтэд тэгш хүртээх боломжийг бүрдүүлнэ.
- Байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйлсийг хөгжүүлж, боловсрол, шинжлэх ухаан технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгоно.
Хийх ажил:
- Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан эх оронч үзэл, байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёлыг төлөвшүүлнэ.
- Ногоон хөгжлийг дэмжсэн цэвэр технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2030 онд 3 хувьд хүргэн, ногоон хөгжлийн хурдасгуур болгоно.
- Инноваци, биотехнологи, нанотехнологи дамжуулах, бойжуулах, нутагшуулж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шинжлэх ухааны байгууллага, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, чанар, онцлогоороо тэргүүлсэн ногоон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
- Уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн байгалийн нөөц баялаг, сэргэх чадавхид нийцүүлэн хүн амын суурьшлыг төлөвлөн хөгжүүлнэ.
Хийх ажил:
- Уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн хандлага, байгалийн нөөц даацад нийцүүлж, хүн амын хэт төвлөрөл үүсэхээс сэргийлсэн, өөрийгөө тэтгэх чадвартай “ногоон”, “ухаалаг” жижиг хот, тосгоныг хөгжүүлж, орон нутагт тав тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлнэ.
- Үр ашигтай, хэмнэлттэй технологийг дэмжих, хүн амд амьдрах орчны эрүүл ахуйн мэдлэг, зөв дадлыг олгох замаар хаягдлыг бууруулах зохистой менежментийг төлөвшүүлж, хог хаягдлыг боловсруулж дахин ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгальд булж зайлуулах хаягдлын хэмжээг 2020 онд 20%, 2030 онд 40% бууруулна.
- Байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, найдвартай, эрсдэлгүй нийтийн тээврийн төрөл, үйлчилгээг хөгжүүлж, иргэд ая тухтай зорчих орчныг бүрдүүлнэ.
- Явган хүн зорчих хэсэг, ногоон байгууламж, дугуйн зам, зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгож иргэд явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлнэ.
Цаашид ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газар батална. Мөн улс төрийн нам, хүчин, эвсэл, холбоод бүх шатны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө ногоон хөгжлийн үзэл баримтлалыг тусгасан байх ёстой гэнэ. Ингэснээр Монгол Улс ногоон хөгжилд суурилсан эдийн засагтай, хөгжингүй орон болно гэж бодлогыг боловсруулсан БОНХЯ-ныхан хэлж байна.
Б.БИЛЭГ