УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр үдээс өмнө ээлжит бусаар хуралдсан. 2014 оны зургадугаар сарын 17-ны өдрийн хуралдааныг тоймлон хүргэе.
УИХ-ын чуулганы хуралдаанд өнөөдөр дөрвөн асуудал хэлэлцэхээр оруулж ирсэн ч хоёр асуудлаа хэлэлцэн өндөрлөлөө.
Хуралдааны эхэнд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор дээрх хуулиудад өөрчлөлт оруулж байгаа. Тодруулбал, уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуй нэгжид төсөвт төлсөн аж ахуй нэгжийн татварын 90 хувийг буцаан олгохоор хуульд тусгажээ. Тодруулбал,
Аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 191 дүгээр зүйлд "Энэ хуулийн 8.1.1-д заасан орлогын дүн нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчийн төлсөн албан татварын 90 хувийг дор дурдсан шаардлагыг зэрэг хангасан тохиолдолд буцаан олгоно” гэж тусгажээ. Энэ нь 1,5 тэрбум хүртлэх орлоготой аж ахуй нэгжүүд төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах боломж бүрдэх юм. Энэ хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байна.
Мөн энэ хуулийг дагалдаж, НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орж байгаа бөгөөд татварын босгыг 50 сая болгохоор тусгажээ. Тодруулбал, нэмэлт өөрчлөлтөөр, “1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.4.1 дэх заалтын “80 хувьд” гэснийг “20 хувьд” гэж, 4.1.10, 5.2, 6.11, 7.2, 13.7 дахь хэсгийн “10.0 сая” гэснийг “50.0 сая” гэж тус тус өөрчилсүгэй” гэж тусгасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульд тусгасан байна.
Гэвч өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас оруулж ирсэн татварын хуулийг МАН-ын бүлэг дэмжихгүй байсан тул хууль санаачлагч нь төслөө эргүүлэн татаж, дахин оруулж ирэхээр болсон юм. Энэ хуулийг дэмжсэн бол жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих том алхам болох байсан гэдгийг Ерөнхий сайд онцолсон.
Үндсэн чиглэл хэлэлцэхийг дэмжив
Үүний дараа чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Гэвч гишүүдийн зүгээс валютын ханш, инфляци зэргийг зөв тооцоолж оруулж ирэх шаардлагатай гэж шүүмжилсэн юм. Ялангуяа ам.долларын ханшийг 2015 онд 1600 төгрөгт байхаар оруулж ирсэн нь шүүмжлэл дагуулсан. Одоо 1800 гарсан байгаа долларын ханшийг 1600 орчимд барих боломж байхгүй гэдгийг сөрөг хүчний зүгээс шүүмжилж байсан.
Ш.ОЧ