2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх ОХУ-ын шигшээ багийг төвийн хамгаалагч Василий Березуцкий ахлан тоглохоор болсон байна. ОХУ-ын шигшээгийн ахлагч Роман Широков өнгөрсөн гуравдугаар сард хүнд бэртэж, жилийн хугацаанд талбайд гарахгүй болсноор ОХУ-ын дасгалжуулагч, Итали мэргэжилтэн Фабио Капелло шигшээ багийн шинэ ахлагчийг сонгох шаардлагатай болсон юм.
Фабио Капелло ОХУ-ын шигшээ багийн хаалгач Игорь Акинфеев, хамгаалагч Сергей Игнашевич, довтлогч Александр Кержаков, хагас хамгаалагч Игорь Денисов нараас илүү Василый Березуцкийд итгэл хүлээлгэжээ. Василий Берецузкий буюу Оросын хөгжөөн дэмжигчдийн нэрлэдгээр Берёза /Хус мод/ 2003 оноос шигшээ багтаа хүчин зүтгэсэн юм. Өдгөө 31 настай Берёза шигшээ багтаа 78 тоглолтод оролцож, дөрвөн гоол оруулжээ.
ОХУ 2014 оны ДАШТ-ий Н хэсэгт Бельги, Солонгос /БНСУ/, Алжир гэсэн улсуудтай сугалаа таарсан. Н хэсгээс ОХУ, Бельгийн шигшээ дараагийн шатанд шалгарах магадлал хамгийн өндөр байгаа юм. ОХУ-ын шигшээ “Сборная” маргааш буюу зургадугаар сарын 18-ны өглөөний 06:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ БНСУ-тай ДАШТ-ий нээлтийн тоглолтоо хийнэ.
Б.БИЛЭГ