О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ

Словений Марибор хотноо болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Монгол Улсын Гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд 69 мэргэн бууч өрсөлдсөнөөс  Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 584 оноогоор гуравдугаар байраар шигшээд шалгарсан байна. Улмаар хагас шигшээд 21 оноо авснаар аваргын төлөө Германы тамирчин Моника Карсчтай халз буудан,  мөнгөн медалийн эзэн болжээ. Энэ төрөлд хүрэл медалийг Болгарын Антонета Бонева хүртсэн байна. Харин Монгол Улсын Гавьяат тамирчин, Герман улсын иргэн Д.Мөнхбаяр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд 579 оноогоор 14 дүгээр байрт шалгарчээ.

Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн хувьд зургадугаар сарын эхээр Германы Мюнхен хотноо болсон "Дэлхийн цом"-ын тэмцээнд мөн амжилттай оролцож,  25 метрийн спорт гар бууны дасгалд түрүүлж, аваргын алтан медаль хүртсэн билээ.

 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж