Хоёрдугаар дайны хамгийн нэртэй зургуудын нэгийг Япон бууж өгөхөөр бэлтгэж байсан өдрүүдэд энхийн Нью-Йорк хотын гудамжинд авчээ.
Альфред Эйзенштедт гэдэг гэрэл зурагчин 1945 оны наймдугаар сарын 14-ны өдрийг дайн дууссаны бэлгэдэл болгосон билээ. Энх тайвнаар “согтсо”н америк усан цэрэг мөнхийн үнэсэлтээ сувилагч бүсгүйд бэлэглэж байна. Энэ алдартай гэрэл зургийн баатар бүсгүй 2010 оны зургадугаар сарын 20-нд таалал төгсчээ.
Гэрэл зураг нь Альфред Эйзенштедтийн амьдралын учир утга нь байв. Эцэг, эх нь 14 настайд нь “Кодакийн” шинэ аппарат бэлэглэснээс хойш тэрээр зураг авч иржээ. Дэлхийн I дайн эхэлсний дараа Прусс-т төрсөн Эйзенштедт немцийн армид татагдан гэрэл зургийн аппаратаа их буучийн дүрэмт хувцсаар сольсон байлаа. Дайныг туулж, шархдсан тэрээр гэртээ буцаж ирсний дараа гэрэл зургаа мартсангүй. Гэхдээ түүнийг мэргэжлээ болгох эсэх талаараа урт хугацаагаар бодож явжээ.
Өөрийнхөө анхны зургийг худалдаж чадсан 1927 онд бүгд өөрчлөгдлөө. “Гэрэл зургийн сэтгүүл зүйн эцэг” гэгдэх тэр хүн хэдхэн жилийн дараа дуртай ажлаараа бүх насныхаа хоолыг олно гэж тэр үедээ бодож яваагүй нь зугаатай гэхээр.
Нэр алдар түүнд хурдан ирсэн юм. 1930-аад оны эхээр өнөөдөр гэрэл зургийн сэтгүүл зүйн сонгодог гэх зургуудаа авчээ. Эйзенштедт 1934 онд Гитлер, Муссолини хоёрын зургийг авсан. Тэрээр Геббельсийн ер бусын хүчтэй хөргийг 1933 онд хийсэн байв. Үзэгчдийг фашизмын үзэл сурталч үзэн ядсан харцаар харж байгаа нь үнэн хэрэгтээ еврей гэрэл зурагчинд зориулагдсан байх. Тэр харц л Эйзенштедтийг 1935 онд АНУ-д дүрвэхэд хүргэсэн байхыг хэн мэдлээ.
Америкт ирэнгүүтээ л тэр жаран жилийг хамт өнгөрөөсөн Life сэтгүүлдээ ажилд оров. Тэр үед Эйзенштедт дунд форматын Rolleiflex аппараттай байсан нь хүмүүсийн анхаарлыг таталгүйгээр хөрөг авах боломж олгож байлаа. Аппарат нь хүзүүнд зүүлттэй, гутлаа ширтсэн хүнийг хэн л зураг дараад байна гэж бодох билээ. Гэхдээ тэрээр хамгийн алдартай зургаа 35 мм-ын Leica аппаратаар авсан байна.
Япон бууж өгөх нөхцлөө 1945 оны наймдугаар сарын 14-нд хүлээн зөвшөөрөв. Мэдээ ойн түймэр шиг хурдтайгаар тархаж гудамжинд хүмүүсийн далай давалгаалж байлаа. Энэ өдөр Нью-Йоркт байсан Life сэтгүүлийн гэрэл зурагчин Альфред Эйзенштедт түүхэн тэр үеийг буулгахаар гүйж байлаа. Хожим тэр хэлснээр тэр өдөр Таймс-скверт нэгэн залуу усан цэрэг түүний анхаарлыг татсан байна. “Тэр усан цэрэг гудамжинд тааралдсан бүх эмэгтэйчүүдийг хөгшин залуу, муухай сайхан хамаагүй барьж аван үнсэж байв. Би түүний өмнө “Лейка”-тай сайхан зураг хийхээр гүйж байв. Өмнө авсан зурагнууд надад төдийлөн сайн болоогүй санагдаж байв. Яг тэр эгшинд усан цэрэг нэгэн цагаан зүйл бариад авч харагдав. Би эргээд л түүнийг сувилагчийг үнсэж байхад нь зургаа дарлаа. Хэрэв эмэгтэй нь бараан хувцастай байсан бол би зараг авахгүй байсан юм.Усан цэрэг өөрөө ч гэгээлэг хувцасгүй байсан бол энэ зураг гарахгүй л байв” гэж Эйзенштедт дурсжээ.
“Үнсэлт” гэрэл зургаар бүтээсэн Сан-Диего дахь баримал. Фото AFP
Тэрээр дөрвөн удаа аппаратаа дарж амжжээ. Дайны дараах үнсэлт хурдан байх ёсгүй учраас Эйзенштедт аппаратынхаа тохироог хүртэл өөрчилж чаджээ. Түүний хэлснээр кадруудыг Kodak Super Double X хальс дээр 1/125 секундын хурдтай, 5,6-8 диафрагмтай хийсэн гэнэ. Сэтгүүлд өгсөн зургуудаас ганцхан нь л хамгийн амжилттай болсон байна.
Долоо хоногийн дараа ялалтын баярын олон зургуудын хамт тэр зураг нийтлэгдсэн байна. Гэхдээ л энэ зураг соёлын шүтээн, энх тайвны бэлгэдэл болон сэтгүүлчдийн сурах бичгүүдэд орсон билээ. Огт танихгүй мөртлөө нийлэн нэгдсэн тэр залуу хүмүүсийн зургийг дахин дахин харах тутам улам ширхэгчлэн харахад хүргэдэг.
Хэдий чинээ энэ зургийг харна төдий чинээ энэ зураг төгсийг ойлгодог. Кадрын төвийн эзэлсэн хосууд эхнээсээ л анхаарал татдаг. “Хар” усан цэрэг, “цагаан” эмнэлгийн сувилагч хоёрын өнгөний шийдэл нь хэтэрхий эрс тэсийг харуулах авч маш сайхан зохицролтой. Арын хэсгийн гудамж уг зургийн гүнийг бүтээж байна. Хосуудын орчны хүмүүсийн нүүрийн баясал тэр өдрийн ерөнхий хөөрлийг илэрхийлнэ. Гол баатруудын гарын нугаралтын шугам нь кадрт үйлдлийг нэмэн сөргөлдөөнгүй уулзалтыг баяжуулж байна.
Эйзенштедтийн шилдэг зураг биш гэсэн яриа байдаг. “Тэшүүртэй офицент” гэсэн зургийн бүтээлчид үүнээс илүү сайхан зургууд байсан биз. Гэхдээ ялалтын баярын өдрүүдэд Таймс-скверын гудамжинд авагдсан зургуудаас “Үнсэлт” шилдэг нь гэдэгтэй хэн нэгэн маргахгүй нь тодорхой. Дэлхийн шилдэг гэрэл зурагчдын бүтээлүүд ч немц зурагчны бүтээлийг шахаж чадахгүй. Жишээлбэл, Роберт Дуаногийн авсан “Хотын захиргааны байрны дэргэдэх үнсэлт” зураг гэхэд л зохиомол гэдэг нь харагдана. Тэр жилийн наймдугаар сарын 15-нд Сидней хотод авсан “Бүжиглэж байгаа хүн” гэсэн гэрэл зураг мөн л дайны бэлгэдэл болохоор өрсөлдөх авч Австралиас гадна төдийлөн танигдаагүй учир дэлхийн соёлын өв болохоор биш.
Бүх нийтийн хүлээн авсан энэ зураг гэрэл зургийн хүрээнээс аль эрт халин цамцанд дүр нь тамгалагдаж, баримал, бэлэг дурсгал болсноос гадна 2005 оны нэгэн дугаартаа Life өөрийн гэрэл зургаа дахин хавтсандаа хэвлэж байлаа. Мөн тэр жилд Таймс-скверын гудамжнаа Эйзенштедтийн зургийг хуулсан өнгөт баримал хийв.
Дайн олон нүүр царайтай. Гэрэл зургийн урлагийн “буян”-аар энэ бүх
өнгө төрх хүн төрлөхтний оюун ухаанд хадгалагдаж олон боть номоос ч
илүүг өгүүлнэ. Нэг талаасаа элхийн хоёрдугаар дайн гэртээ олон сая
кадртайгаар ирцгээсэн “гэрэл зурагчдын дайн” байлаа. Олон ч зураг
бүтээгчээ алдаршуулжээ.
Дэлхий даяар харж байсан энэ зургийн баатруудыг хэн бэ гэдгийг удтал мэдээгүй байсан билээ. Тэр өдрийн хөөрөл үүний гол шалтгаан нь. Өнгөрсөн зууны далаад оны сүүлчээр үнсэлцэж байгаа сувилагч би гэсэн нэг хүн гарч ирсэн юм. Тэр нь Лос-Анжелесын 60 настай Эдит Шейн гэдэг эмэгтэй байлаа. Тэрээр орон нутгийн сониноос гэрэл зурагчинтай хийсэн ярилцлагыг уншаад Эйзенштедтад захидал бичээд тэр эмэгтэй би гэсэн байв. Зургаасаа нэг хувийг гуйсан тэр захидлын тухай гэрэл зурагчин Life сэтгүүлд өгүүлсэн байв. Редакци тэр эмэгтэйн тухай мэдээ гаргаад усан цэргийг хайж буйгаа бичсэн байлаа. 1980 оны аравдугаар сард тэр зургаас өөрийгөө 11 эрэгтэй олж харсан байв. Мөн хоёр ч эмэгтэй тэр зургийн гол баатар нь би мөн гэж мэдэгджээ. Гэхдээ Грета Фридман, Барбара Сокол хоёр зураг гарсан гэдгээ баталж чадсангүй. Тэр тэр өдөр Таймс-скверт бас л үнсэлцэж явсан байх.
Гэрэл зургийн баатар нь албан ёсоор болсон Шейнийг бодвол тэр усан цэрэг гэсэн эрэгтэйчүүдэд өөрийгөө “тогтоох нь” хэцүү байв. Бусдаас илүүтэйгээр Жорж Мендоса, Карл Мускарелло ба Гленн Макдаффи гурав л их идэвх гаргасан юм. Тэднээс Мускарелло л тэр усан цэрэг мөн гэж Эдит Шейн бодож иржээ. Бараг хагас зууны дараа тэд танилцаад уулзан үнсэлтээ давтсан аж. Гэхдээ дараа нь Шейн эргэлзэж эхэлжээ. Life сэтгүүл худалдан авсан ээж нь уг зургаас түүнийг таниад хүүдээ утасдан “Танихгүй эмэгтэйчүүдтэй үнсэлцэж болохгүйг чи мэдэхгүй байна уу? Ямар нэгэн халдвар авбал яана” гэсэн утгатай үг хэлсэн гэж Мускарелло хэлж байжээ.
Эдит Шейн ерэн настайдаа.
Фото AFP
Хэсэг хугацааны дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн ахмад дайчин Гленн Макдаффи өөрийгөө тэр усан цэрэг гэж Мускареллотой өрсөлдөж эхэлсэн байна. Тэр үүнийгээ батлахын тулд дэр тэвэрч байгаад зургийн байралаар зогсон олон арван гэрэл зураг хийлгээд шүүх эмчээр шалгуулсан байна. Нүүрний яс, гарын алганы хэмжээг нь харьцуулан шалгаад шүүх эмч түүнийг зурагт байгаа хүн гэсэн юм. Харин олон нийт түүнийг энэ зургийн усан цэрэг гэж нэг мөр хүлээн авсангүй ажээ.
Эдит Шейн гэх даруухан эмэгтэй сувилагч дайны дараа Беверли –Хиллз дэх хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч болсон байна. Сүүлийн жилүүдэд тэрээр уг зургийнхаа тухай сэтгүүлчдэд багагүй ярьж өгчээ. “Би эмнэлэгт ажиллаж байв. Найзынхаа хамт радиогоор дэлхийн хоёрдугаар дайн дууссаныг сонсооод гудамжинд гарлаа. Баахан хүмүүс бужигналдан тэврэлдэж үнсэлцэж байлаа. Нэгэн усан цэрэг намайг барьж аваад удаан гэгч үнссэн юм. Би түүнийг сайн хараагүй. Учир нь бид үнсэлцэж байхаад би нүдээ аньсан байлаа. Дараа нь би эргээд л өөр зүг явав. Бид бие биендээ үг хэлээгүй өнгөсөн юм. Тэр намайг харсан уу гэдгийг би мэдэхгүй байна. Хараа ч үгүй байж болох л доо” гэж Шейн хуучилсан байлаа.
Тэр өдрөөс хойш 65 жилийн дараа 91 настай Эдит Шейн гэртээ таалал төгсчээ. Түүний гурван хүүхэд, зургаан ач, найман гуч нар нь үлдэв.Түүнд амьдралынх инь хамгийн удаан үнсэлт үүрд хамт үлдсэн нь лавтай. Бусадад зөвхөн дайны төгсгөлийн илэрхийлэх нэргүй тэр үнсэлт.