Моннис Интернэшнл ХХК мэдэгдэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.17-нд нийтлэгдсэн

Моннис Интернэшнл ХХК мэдэгдэл хийж байна

Аэро Монголиа ХХК-ийн экс ерөнхийлөгч П.Баатарсүрэнгийн тухай Моннис Интернэшнл ХХК мэдэгдэл хийж байна

Иргэн П.Баатарсүрэнтэй холбоотой хэргийн талаар

Тус компани болон иргэн П.Баатарсүрэнд холбогдох хэргийн талаар сүүлийн үед хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, веб сайтуудаар тус компанийн эсрэг илт гүжир гүтгэлэгийн шинжтэй, ор үндэслэлгүй мэдээлэл гаргасны зэрэгцээ энэ хэргийг зохих журмын дагуу шалгаж, хянаж шийдвэрлэсэн хуулийн байгууллага болон шүүхийн үйл ажиллагааг илтэд буруутган, хий хардлага сэрдлэгийн үүднээс хээл хахууль, авилга өгсөн, авсан гэх зэргээр Монгол Улсын хууль, шүүх эрх бүхий байгууллага болон тус компанийн бизнесийн нэр төр, алдар хүндэд ноцтойгоор халдан, гэмт хэрэгт гүтгэн үүнийгээ түүний эхнэр гэх Ш.Цогзолмаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан захидал хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа үйлдлийг эрс эсэргүүцэн Моннис Интернэшнл ХХК-ийн зүгээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Тус компани болон иргэн П.Баатарсүрэнгийн хооронд 2007.6.13-нд “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Энэхүү Гэрээг байгуулах үед “Аэромонголиа” ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогсч, тайлан баланс дээр тусгагдсан “Аэромонголиа” ХХК-ийн бусдад төлөх өр төлбөр нь нийт 9,532,450,000 төгрөг, 1,610,000 ам.доллар байсан бөгөөд уг компани нь дампуурах эрсдэлтэй байдалд орсон байсан. Үүнийг “НИММ АУДИТ” ХХК-иас “Аэромонголиа” ХХК-ийн 2007 оноос өмнөх үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлан, ИНЕГ-ийн Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын албаны, Эдийн засгийн зохицуулалтын хэлтсийн ахлах байцаагчийн “Аэромонголиа” ХХК-ийн 2005-2007 оны санхүүгийн тайланд шинжилгээ хийсэн дүгнэлтээр “Аэромонголиа” ХХК нь маш их өр төлбөртэй байх тул цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, дампуурах эрсдэлд орсон гэдгийг тогтоосон зэргийг дурьдаж болно.

Гэтэл Ш.Цогзолмаагийн захидал гэх зүйлд “Аэромонголиа” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн байсан жилдээ 10-12 тэрбумын орлоготой байсан гэх зэргээр ор үндэслэлгүй зүйл бичсэн байна. Энэ нь худал болох нь дээрх “НИММ АУДИТ” ХХК-ийн аудитын тайлан, ИНЕГ-ийн Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын албаны, Эдийн засгийн зохицуулалтын хэлтсийн ахлах байцаагчийн дүгнэлт, тухайн үеийн “Аэромонголиа” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон зэргээс тодорхой харагддаг. Мөн жилдээ 10-12 тэрбумын орлого олдог компанийн хувьцаагаа П.Баатарсүрэн нь бусдад худалдах ямар шаардлагатай байсан бэ гэдэг асуудал гарах бөгөөд энэ нь дээрх худал мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, логикгүй, худал болох нь нотлогдоно.

“Моннис Интернэшнл” ХХК нь П.Баатарсүрэнгээс хувьцааг нь худалдан авахдаа хувьцааны үнийн дийлэнх хэсгийг тухайн үед үйл ажиллагаа нь бүрэн зогссон, дампуурах эрсдэлд орсон “Аэромонголиа” ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Анод банкин дахь “Аэромонголиа” ХХК-ийн дансанд шилжүүлэх, үлдсэн хэсэг буюу 700,000 ам.долларыг хувьцааны төлбөрт тооцон нэхэмжлэгч П.Баатарсүрэнгийн хувийн дансанд шилжүүлэхээр талууд тохирсон.

Дээрх Гэрээг байгуулсан 2007.6.13-ны өдөр “Аэромонголиа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн П.Баатарсүрэн, Х.Дөчинтав, Б.Бат-Эрдэнэ болон “Моннис Интернэшнл” ХХК-ийн хооронд “Хувьцаа эзэмшигчийн гэрээ”-г байгуулсан бөгөөд “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон энэхүү гэрээ нь хоорондоо харилцан хамааралтай, аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ нэг тал нь биелүүлээгүй тохиолдолд гэрээний нөгөө тал үүргээ биелүүлэхийг буруутай талаас шаардах, нэхэмжлэл, шаардлага гаргах эрхтэй болохыг зөвшөөрсөн.

Хувьцаа эзэмшигч нар “Хувьцаа эзэмшигчийн гэрээ”-ний 5.1-д зааснаар уг гэрээний Хавсралт 2-т “Аэромонголиа” ХХК нь бусдад төлөх өр төлбөр нь нийт 9,532,450,000 төгрөг, 1,610,000 ам.доллар байсныг талууд хүлээн зөвшөөрч өр төлбөрийн жагсаалтыг гэрээнд хавсарган компанийн өр хэмээн тооцож П.Баатарсүрэнгээс нэхэмжлэхгүй харин дээрх өр төлбөрөөс өөр, бусдад төлөх өр төлбөр шинээр илэрвэл мөн гэрээний 5.2-т зааснаар “Хувьцаа эзэмшигчид Хувьцаа худалдах гэрээний гүйцэтгэлийн явцад илрээгүй боловч гарч ирсэн бусад өр төлбөрийг П.Баатарсүрэн өөрийн эрх мэдлийн хүрээнд тэрхүү өр төлбөрийн нөхөн төлбөрийг дангаараа хариуцна гэдгийг хүлээн зөвшөөрнө” хэмээн тохирсон юм.

Гэтэл дээрх 2 гэрээг байгуулсаны дараа “Хувьцаа эзэмшигчийн гэрээ”-ний Хавсралт 2-т заасан өр төлбөр болох 9,532,450,000 төгрөг, 1,610,000 ам.доллар дээр нэмж “Аэромонголиа” ХХК-ийн хувьд 10,285,089,815 төгрөг 340,000 ам.долларын бусдад төлөх өр төлбөр шинээр илэрсэн ба “Моннис Интернэшнл” ХХК нь дээрх төлбөрийг барагдуулахаар нийт 4,391,823,823 төгрөг 4,230,468,034 ам.доллар 50,891 еврогийн хөрөнгийг зарцуулан “Аэромонголиа” ХХК-ийг дампуурах аюулаас гаргаж, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс П.Баатарсүрэнгийн өмнөөс (тэрээр хэдийгээр өөрөө дангаар хариуцна хэмээн гэрээгээр үүрэг хүлээсэн боловч төлөхөөс зайлсхийсэн тул өмнөөс нь төлсөн) санхүүжилт хийсэн.

Харин П.Баатарсүрэн нь “Хувьцаа эзэмшигчийн гэрээ”-ээр тохирсон бусдад төлөх маш их өр төлбөрийг түүний өмнөөс барагдуулсанд талархахын оронд асуудал мартагдан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн атал шүүхэд хувьцааны төлбөр хэмээн мөнгө нэхэмжилсэн ба түүний нэхэмжлэлийн эсрэг тус компани сөрөг нэхэмжлэлээр түүний төлвөл зохих төлбөрийг нэхэмжилсэн. Тэрээр шүүхийг төөрөгдүүлэн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний агуулгыг худал тайлбарласны улмаас шүүхээс түүний нэхэмжлэлийг хангаж хувьцааны үнэд 3,052,214,410 төгрөгийг манай компаниас гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус компани нэгэнт гаргасан шүүхийн шийдвэрийг хүндэтгэн дээрх мөнгөний 60 хувь буюу 1,7 тэрбум гаруй төгрөгийг түүнд төлсөн байгаа гэдгийг цохон дурьдах нь зүйтэй.

П.Баатарсүрэн нь “Аэромонголиа” ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааг худалдан боролуулахдаа гэрээгээр халхавчлан өөр бусад өр төлбөрөө нуун дарагдуулж, итгэл эвдэн, хуурч мэхлэн залилсан бөгөөд “би төлбөрийн чадвар байхгүй өр төлбөрийг хариуцах боломжгүй” хэмээн өрийг барагдуулахаас эрс татгалзан тус компанийг давхар давхар хохироосон.

П.Баатарсүрэн нь өнөөдрийг хүртэл түүний өмнөөс “Аэромонголиа” ХХК-ийн тайлан бланс, талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан 9,532,450,000 төгрөг, 1,610,000 ам.доллар өр төлбөрийг барагдуулж мөн түүний залилан мэхэлж нуун дарагдуулж, Хувьцаа эзэмшигчидийн гэрээний дагуу дангаар хариуцан барагдуулах ёстой 2,965,019,962.52 төгрөг (нийтдээ 10 тэрбум гаруй өр төлбөртэй байснаас баримтаар нотлогдох боломжтой өр төлбөрийн хэмжээ нь энэ юм. Бусад өр төлбөрийн тухайд түүний эхнэр, охин, хүргэн нь “Аэромонголиа” ХХК-д ажиллаж байхдаа хийсэн баримтгүй, гүйлгээ, дансны гадуурх өр төлбөр байсан нь баримтаар нотлогдох боломжгүй болгосон)-ийг барагдуулсны төлөө тус компанид талархаж, ач санахын оронд, “Аэромонголиа” ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн болж, өр төлбөрүүд барагдсаны дараа 3 жилийн хойно шүүхэд хувьцааны үнэ надад төлөөгүй хэмээн нэхэмжлэл гарган маргасан.

“Моннис Интернэшнл” ХХК нь энэ бүх хугацаанд мөрдөн байцаалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хэргийн талаар болон бусад асуудлаар ямар нэгэн мэдэгдэл, тайлбар хийлгүй хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Харин П.Баатарсүрэн болон түүний гэр бүл, өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн шатанд хуулийн болон шүүхийн байгууллага, шүүгч нарын итгэл үнэмшилд нөлөөлөх зорилгоор удаа дараа энэ мэт гүжир гүтгэлгийн чанартай мэдээллийг хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр дамжуулан тарааж мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар аливаа мэдээлэл задруулахгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл гаргахгүй байх Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хориглосон хууль бус үйл ажиллагааг удаа дараа явуулсныг эрс буруушаахын зэрэгцээ, энэ хууль бус асуудлыг нь шалгуулахаар хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдэж байна.

Мөн П.Баатарсүрэнгийн тус компанид учруулсан хохирол балаг үүгээр дуусахгүй бөгөөд тэрээр тус компанийн удирдлагуудыг заналхийлэн, хойноос нь хүнээр дагуулах, гэр, орон байрных нь гадаа элс шороо цацах гэх мэтээр ёс бус үйлдэл гаргаж байсан нийгэмд аюултай хүн юм.

Үүнээс гадна сүүлийн жилүүдэд Моннис группын компаниудын талаар хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, сонин, веб сайтуудаар удаа дараа худал ташаа, илт гүжир гүтгэлэгийн шинжтэй, ор үндэслэлгүй төлбөртэй мэдээллүүд гаргаж, тус компанийн бизнесийн нэр төр, алдар хүндэд ноцтой хохирол учруулж, хэрэглэгч ард иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлсэн бөгөөд П.Баатарсүрэн нь энэ үйлдэлдээ төрийн байгууллагуудад байдаг танил тал, холбоо харилцаагаа ашиглан Татварын Ерөнхий Газар, ЭЦГ гэх мэт олон газарт худал гомдол мэдээлэл гарган, шалгуулсан бөгөөд, энэ бүхэн нь үндэслэлгүй худал байсан нь зохих журмын дагуу шалгагдаад тогтоогдсон. Энэ мэт түүний хууль бус үйлдлийн улмаас тус компанийн үйл ажиллагааг удаа дараа хууль хяналтын байгууллагууд шалган, хүндрэл үүсгэсэн ба энэ бүхний ард захиалагч нь П.Баатарсүрэн байсан гэдэг нь нэгэнт тодорхой болж, түүний гар хөл болсон төрийн ажилтнуудын хууль бус үйл ажиллагаа батлагдан тэд хариуцлага хүлээсэн.

П.Баатарсүрэн нь тус компанид хувьцаагаа зарахаас өмнө өөрийн эхнэр Ш.Цогзолмаатай хуйвалдан Ш.Цогзолмаагийн нэрээр Анод банктай 2006 оны 04 сарын 10-ны өдөр 15060084 тоот Зээлийн гэрээ байгуулан Ш.Цогзолмаа нь Анод банкнаас 1,800,000 ам долларын зээлийг үндсэн хөрөнгийн санхүүжилт хийх зорилгоор зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Аэромонголиа ХХК-ийн нийт хувьцаа болон Анод банк дахь Аэромонголиа ХХК-ийн харилцах дансуудыг барьцаалсан.

Ш.Цогзолмаагийн Анод банкнаас зээлсэн зээлийн гэрээгээр хүлээсэн бүхий л үүргийг бүрэн гүйцэтгэж чадна гэдгийг Банкны өмнө хариуцаж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрөө хариуцахаар үүрэг хүлээн Аэромонголиа ХХК-ийн нэрийн өмнөөс Ш.Цогзолмаагийн нөхөр П.Баатарсүрэн нь гарын үсэг зуран, банктай гэрээ байгуулж баталгаажуулсан байна.

Ийнхүү Ш.Цогзолмаа нь өөрийн нөхөр П.Баатарсүрэнтэй хуйвалдан Аэромонголиа ХХК-ийн хувьцааг барьцаалан зээл авахдаа хувьцааны тоо ширхэгийг 780 дахин, үнэлгээг 1,000,000 төгрөгөөс 3,900,000 ам.доллар хэмээн хууль бусаар нэмэгдүүлэн Компанийн тухай хуульд заасныг зөрчин Банкинд санаатайгаар хуурамч мэдээлэл өгөн Аэромонголиа ХХК-ийн хувьцааг барьцаалж, хуурамч баримт бүрдүүлэн залилан мэхэлсэн.

Мөн П.Баатарсүрэн нь тус компанид хувьцаагаа зарахдаа өөрийн эхнэр Ш.Цогзолмаагийн нэр дээр авч, өөрөө батлан даалт гаргасан зээлийн талаар огт мэдэгдээгүй бөгөөд үүнийгээ мөн нуун далдалсны улмаас өнөөдөр Анод банкны эрх хүлээн авагчийн зүгээс дээрх зээлийн гэрээтэй холбоотой П.Баатарсүрэн өөрөө захирал нь байхдаа Аэромонголиа ХХК-ийн гаргасан Батлан даалтын гэрээг иш үндэс болгон түүний эхнэр Ш.Цогзолмаад холбогдох зээлийн өр төлбөрт 5 тэрбум гаруй төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт Аэромонголиа ХХК нь хамтран хариуцагчаар татагдан бас л хохирч болзошгүй нөхцөл байдал үүссэн.

Энэ мэтээр П.Баатарсүрэн болон түүний эхнэр Ш.Цогзолмаагийн хууль бус үйлдлийн улмаас тус компани маш их хэмжээний хохирол хүлээгээд байгаа бөгөөд цаашид ч тэдний нуун дарагдуулсан ямар нэгэн өр төлбөр хэзээ хэрхэн гарч ирэхийг мэдэхгүй айдастай байна. П.Баатарсүрэн болон түүний эхнэр Ш.Цогзолмаа нар өөрсдийн хууль бус үйлдлээ хаацайлах, тус компанийн нэр төрийг унагаах, улмаар олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор тус компанийн нэр хүндэд халдан худал, гүжир гүтгэлгийг удаа дараа гаргаад зогсохгүй П.Баатарсүрэнгийн эхнэр Ш.Цогзолмаа үүндээ хууль шүүхийн байгууллагыг хүртэл хээл хахууль, авилга авсан мэтээр Эрүүгийн хуульд заасан онц ноцтой хэрэгт гүтгэснийг тус компани эрс эсэргүүцэн, бид бүхэн нэр хүндээ хамгаалж тэдний энэ мэт хууль бус үйлдлийг зохих байгууллагад хандан шалгуулах болно гэдгийг энэхүү мэдэгдлээрээ дамжуулан хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Тэдний энэ мэт хууль бус зохион байгуулалттай гэмт үйлдэл нь тус компани болон түүний 2000 гаруй ажилтнуудыг гутаан доромжилсон үйлдэл гэж бид үзэж байгаа бөгөөд шударгаар хөдөлмөрлөж жил бүр улсад татвар төлөлтөөрөө тэргүүлдэг, 2013 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн 10 дугаарт орсон, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн дээдэлдэг Моннис Интернэшнл ХХК-ийн нэр хүндэд халдсан, тэвчиж үл болох үйлдэл гэж үзэж байна.

Цаашид тус компанийн эсрэг энэ мэт худал мэдээллийг тараавал бид бүхэн холбогдох хуулийн байгууллагад хандах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Шударга үнэн хэзээд ялдаг гэдэгт бид үргэлж итгэдэг.


МОННИС ИНТЕРНЭШНЛ ХХК
ХУУЛИЙН ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж