Шилэн дансны тухай хуулийн төслийг эвслийн бүлгийн гишүүд дэмжив

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Шилэн дансны тухай хуулийн төслийг эвслийн бүлгийн гишүүд дэмжив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийн төслийг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өнөөдрийн хуралдаанаараа дэмжлээ. Тус бүлгийн хуралдаан дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Шилэн дансны тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм. Тэрээр танилцуулгадаа “Төсвийн ил тод байдал, төсвийн хяналт дахь иргэдийн оролцоог хангах асуудлаар сүүлийн жилүүдэд УИХ, Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн боловч иргэдийн төсөвт тавих хяналтын тогтолцоо сул байсаар ирлээ. Олон улсын байгууллагын судалгаагаар ч төсвийн ил тод байдал ухарсан байдал харагдаж байна.

Иймд төсвийн ил тод байдлыг хангаж, төсвийн зарцуулалтад татвар төлөгч иргэн хяналт тавих эрх зүйн орчныг бий болгох замаар төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шилэн дансны тогтолцоог бүрдүүлэх хуулийн төслийг боловсруулж Монгол Улсын ЕрөнхийлөгчУИХ-д өргөн бариад байна.Ингэхдээ Улсын Их Хурал дээр өмнө нь яригдсан зарим саналыг хүлээн авч төсөлд тусгасан болно.

Төсвийн мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавьснаар төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах нөхцөл бүрдэхэд шууд нөлөөлнө.Мөн эрх бүхий байгууллага албан тушаалтны ирээдүйд өрийн дарамт үүсгэх шийдвэрийг шилэн дансны нэгдсэн цахим хуудаст байршуулснаар хүчин төгөлдөр болох зохицуулалтыг тусгасан болно.

Хуулийн төсөл батлагдсанаар төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангасан эрх зүйн нэгдмэл орчин бүрдэнэ. Нөгөө талаар татвар төлөгчдийн хөрөнгө болон төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй захиран зарцуулах байдал багасч төсөв, хөрөнгөтэй холбоотой хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлэх эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой хуулийн төсөл юм”гэлээ.Хуулийн төслийг танилцуулсны дараа эвслийн бүлгийн зарим гишүүн санал хэлсэн юм.

Тухайлбал,Гишүүн Ц.Оюунбаатар “Хуулийн төслийг дэмжиж байна. Есдүгээр зүйлд хуулийн этгээд гэснийг хувийн хэвшил, төрийн бус байгууллага гэж тодруулах, татварын тухай хуулиуд, Төрийн бус байгууллагын тухай хуультай уялдуулж өөрчлөх, зөрчлийн тухай хуульд зарим холбогдох хариуцлагыг тусгах, хуулийн төслийн боловсруулалтыг авч явах ажлын хэсэг гаргая” гэлээ.

Гишүүн О.Баасанхүү “Хуулийн төсөл цогцоор орж ирэх ёстой. Жишээлбэл,тендэрийн асуудлыг хамруулах ёстой. Өргөн баригдаад байгаа бусад хуулийн төслүүдтэй уялдуулах ёстой гэж бодож байна. Ажлын хэсэг байгуулахыг дэмжиж байна. PR биш бодлогын хууль болох ёстой учраас нэр томъёоноос эхлээд өөрчлөх зүйл байна” гэв. Гишүүн Л.Цог, Г.Уянга нар болон бусад гишүүд мөн Шилэн дансны тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж