Өнөөдөр элсэлтийн гурван шалгалт авлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Өнөөдөр элсэлтийн гурван шалгалт авлаа

-Монгол хэл бичгийн шалгалтаас хоцорсон ч өөр сонгосон шалгалтаа өгч болно-

Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн бямба гарагт /06.14/ орон даяар Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн бол өнөөдөр Орос хэл, Англи хэл, Химийн хичээлийн шалгалт боллоо. Өнөөдрийн шалгалтыг хэдэн шалгуулагч өгсөнийг одоогоор мэдээлэх боломжгүй ч Монгол хэл бичгийн шалгалтын хувьд нийт 38332 шалгуулагч өгөх ёстойгоос 1560 шалгуулагч өгөөгүй талаар Боловсролын  үнэлгээний төвөөс мэдээлэв. Шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтаас хоцорч, өгч амжаагүй ч гэсэн өөр сонгосон хичээлийнхээ шалгалтыг өгч болохыг албаныхан сануулж байна. Монгол хэл бичгийн шалгалтыг бүх төгсөгчдөөс авдаг болсон анхны жилд ийнхүү боломж олгож байгаа бол дараа жилээс уг шалгалтыг заавал өгөх болон шалгалтын дүнд ач холбогдол өгдөг болох юм байна.

Одоогоор Монгол хэл бичиг, Хими, Англи хэл, Орос хэлний шалгалтын явцад ямарваа ноцтой зөрчил гараагүй, жил ирэх тусам элсэлтийн ерөнхий шалгалт өгөх арга барил хэвшиж байгааг албаныхан онцлов.

Энэ жил нийт 41 мянган /өмнөх оны бүртгүүлэгчид нийлсэн/ шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан тооцоотой бөгөөд ЭЕШ-ыг орон даяар 52 шалгалтын төв буюу сургуулиудад зохион байгуулах юм. Зургадугаар сарын 19-нд Физик, Нийгмийн тухай мэдлэг, Газар зүйн хичээлээр дуусах элсэлтийн ерөнхий шалгалтын дүн долдугаар сарын 1-ний дотор гарах бол Монгол, хэл бичгийн шалгалтын дүн долдугаар сарын 10-ны дотор гарах ажээ.

Шалгалтын хуваарь

Сар/өдөр

Цаг

Хичээл

06 дугаар сарын 14

12:00-13:40

Монгол хэл бичиг

06 дугаар сарын 16

10:00-11:20

Орос хэл

13:00-14:40

Хими

16:00-17:20

Англи хэл

06 дугаар сарын 17

08:30-09:50

Монгол Улсын түүх

11:30-13:10

Математик

14:30-15:50

Биологи

17:00-18:20

Монгол хэл

06 дугаар сарын 19

08:00-09:40

Физик

11:30-12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20-15:40

Газарзүй

 Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж