М.Зоригт ХЗБХ-ны даргаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

М.Зоригт ХЗБХ-ны даргаас татгалзав

УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа “Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж. Хоёр дээлээс улбаатай томилолт авахгүй гэдгээ хэллээ” хэмээн жиргэжээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн. Энэ үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн М.Зоригтыг нэр дэвшүүлсэн бололтой. Харин тэрээр татгалзсан болж таараад байна.

УИХ-аар “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг хэлэлцэн буцаах хүртэл УИХ-ын гишүүн М.Зоригт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний алба давхар хашихыг эсэргүүцэж, саналаа өгч байсан юм. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг санал болгох үед эсэргүүцэж байсан цөөн гишүүний нэг. Тиймээс үзэл бодолдоо үнэнч байж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болохоос татгалзсан бололтой.

Уг нь дээрх байнгын хороог даргалахын төлөө УИХ дахь Ардчилсан намын бүлэгт горилогч гишүүд цөөнгүй бий. УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батзандан нарын нэр зуузай холбон дуулдах болсон.

Тэр байтугай УИХ-ын гишүүн Р.Бурмаа ч УИХ-ын Хууль зүйн байнгын хороог даргалчих бололцоотой тухай сонсогдож байв. Гэхдээ Р.Бурмаа гишүүний нэрийг тус байнгын хорооны даргад санал болгоход нь өөрөө татгалзсан бол УИХ-ын гишүүн Д.Ганбат “Надад татгалзах шалтгаан байхгүй” гэж зүтгэсэн тухай яриа дуулдаж байна.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж