С.Саранцацралт: Зөрчилдөөн хүнийг амжилтанд хүргэдэггүй

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

С.Саранцацралт: Зөрчилдөөн хүнийг амжилтанд хүргэдэггүй

Төрийн соёрхолт, зураач С.Саранцацралт “Өвс” нэртэй үзэсгэлэнгээ зургадугаар сарын 12-26-нд Урлагийн зөвлөлийн арт галерейд уран зураг сонирхогчдод дэлгэж буй. Гавьяат жүжигчин Д.Банзрагчийн дуунаас хөглөгдөн туурвигдсан нийт арав гаруй бүтээлээ ийнхүү “Өвс” хэмээн нэрлэж олоны хүртээл болгож байгаа юм. Ингээд  С.Саранцацралттай ярилцсанаа уншигчиддаа хүргье.

-“Өвс”. Үзэсгэлэнгээ яагаад ингэж нэрлэх болов?

-Д.Банзрагч гавъяатын гайхамшигтай дуунуудаас хөглөгдөж,  эдгээр уран бүтээлээ туурвисан. Түүний дуунуудын үгийг нь сонсоход эх орон, хөдөө нутгаа бодохгүй байхын аргагүй шүү дээ. Нутаг ус, аавыгаа санах бүрдээ Д.Банзрагч гавъяатын дууг сонсох дуртай.  Яагаад “Өвс” гэж нэрлэх болсон бэ гэвэл энгийн тарьмал цэцэгс бус миний эх орны зэрлэг цэцэгс маш гоё энергийг өгдөг. Дээрээс нь өвс бид хоёрт олон адилхан зүйл байгаа.  Байгаль гэдэг зүйл өөрөө маш бадрангүй сүртэй харагддаг. Тэгэхлээр том форматан дээр гоё гаргаж байж байгалийн сүр хүчийг үзэгчдэдээ мэдрүүлэх ёстой.  Үзэсгэлэнд арав гаруй бүтээл дэлгэгдсэн байгаа. Тоо нь цөөн ч нэг жил хагасын хугацаанд уг бүтээлүүд дээрээ ажилсан.

-Өвс, та хоёр яг юугаараа адилхан гэж?

– Өвс бол өөрийн өнгө төрхтэй. Намар, хавар, зун гээд улирал болгонд харагдах өнгө нь өөр. Хатаж гандсан өвсч хүртэл гоё харагддаг. Нэг тийм сэтгэлд хоногшсон төрхийг бий болгодог доо.

-Энэ таны хэддэх удаагийн үзэсгэлэн бэ?

-Ойролцоогоор 30 гаруй л үзэсгэлэн гаргасан. Эхлээд үзэсгэлэнгээ их тоолдог байлаа. Сүүлдээ ч  тоолохоо больсон. Магадгүй 35 дахь нь байх.

-Уг үзэсгэлэнгээ гадаадад гаргах уу?

-Үзэсгэлэнгээ олон удаа гадаадад гаргаж байсан. Энэ удаад зөвхөн Монголдоо дэлгэхийг л хүссэн юм. Урлаг сонирхогчид олон болсон байна.  Уран зургийг хүмүүс их сонирхож худалдаж авдаг болжээ. Зургийг хайрладаг, хамгаалдаг, хадгалдаг, ойлгодог хүмүүс олширсон учраас өөрийнхөө эх оронд уран бүтээлээ дэлгэх бодолтой байгаа.

-Таны дараагийн үзэсгэлэн хэзээ гарах бол?

-Би аливаа зүйлийг төлөвлөдөггүй. Тухайн агшинд надад юу орж ирэхээс л шалтгаална.

-“Өвс”-нүүдээ худалдах бодолтой байгаа юу?

-Мэдээж, үзэсгэлэн гаргана гэдэг маань уран зураг сонирхогч, үзэгчид худалдаж авах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг.

-Та хэлэхдээ дууны үгээр хөглөгдөж уг бүтээлүүд маань төрсөн гэсэн. Тэгэхээр та хэр шүлэг сонирхдог  вэ?

-Шүлэг тийм ч их сонирхоод байдаггүй. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хувьд Д.Банзрагч агсны “Миний нутгийн бараа”, “Гайхмаараа” гэх олон сайхан бүтээлийг нь сонсч байхад бүх зүйл нүдний өмнө дүрслэгдэж, миний дотоод ертөнцөөс гарсан юм даа.

-Таны төрсөн өдрөөрөө нээсэн гурав дахь үзэсгэлэн боллоо. Ер нь төрсөн өдрөөрөө үзэсгэлэн нээе гэж төлөвлөв үү, эсвэл цаг хугацааны хувьд тохироо нь таарчихсан уу?

-Төлөвлөсөн юм биш ээ. Хувьсгалын тохироо гэж ярьдаг шүү дээ. Үзэсгэлэн гаргах заалны хугацаа нь ч юм уу, бүх л ажил ингээд таарчихлаа.

-Таныг наснаасаа залуу харагддаг гэж олон эмэгтэйчүүд магтдаг. Хэрвээ нууц биш бол та өөрийнхөө насыг хэлэхгүй юу?

-Би 54 настай.

– Таны хувьд онгод гэж юу хэлэх вэ?

-Уран бүтээлээ хийхэд надад олон зүйл нөлөөлдөг.  Жишээ нь гоё зураг зурах юмсан гээд л бодож суухад өөрийн эрхгүй бие халж, хөнгөрөөд ирдэг. Түүнийг л би онгод гэж хэлнэ дээ.

-Та хэр өрсөлдөгч вэ?

-Зөрчил, тэмцэлд дургүй. Зөрчилдөөн хүнийг амжилтанд хүргэдэггүй шүү дээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж