УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш 09.00 цагт зарлаад байна. Долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарладаг ч энэ долоо хоногийнхыг мягмар гаригт товлосон нь Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөнтэй холбоотой бололтой.
УИХ дахь МАН-ын бүлэг ч уг хуулийн төсөлд ач холбогдол өгч өнөөдрийн ээлжит хуралдааныхаа ихэнх цагийг зориулж байна гэх мэдээлэл байна. Гэхдээ тус бүлэг Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжихгүй аж. Ийм байр суурь барих болж байгаа нь “Монгол Улс Өрийн удирдлагын тухай хуулийг батлах шаардлага бий ч түүгээр далимдуулж, улсын өрийг ДНБ-ний 70 хувьд хүргэх нь эдийн засаг хүндэрсэн үед аюултай” гэж үзэж буйтай нь холбоотой юм байна.
Учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуулийн төсөлд Монгол Улсын өрийн босгыг 2014 онд 70 хувьд хүргэхээр заажээ. Ингэхдээ Засгийн газрын баталгааг оруулж тооцвол Засгийн газрын өр ДНБ-ний 90 хувьтай тэнцэх юм байна. Энэ тохиолдолд Монголын нэг иргэнд ногдох өр 6.5 сая болж өсөх аж. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар энэ онд улсын өрийн хэмжээ ДНБ-ний 40 хувиас давах ёсгүй аж.
Ийм нэг эгзэгтэй асуудлын хэлэлцэх эсэхийг УИХ шийдвэрлэхээр хэлэлцэх асуудлынхаа нэгдүгээрт жагсаагаад байна.
Г.ДАРЬ