-“Бүтээн байгуулалтын цаг” уулзалт “ДЦС-3” ТӨХК-ид болж, станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээж авлаа-
Жилээс жилд өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд том эх үүсвэрүүдийн хүчин чадлыг шат дараатайгаар нэмэгдүүлж буй. Энэ хүрээнд нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн “ДЦС-3” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлын50 МВт-ын өргөтгөлийг өнөөдөр ашиглалтад хүлээж авлаа. Энэхүү арга хэмжээтэй давхцуулж Засгийн газраас долоо хоног бүр хийдэг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг “ДЦС-3” ТӨХК-ид хийсэн юм. Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, “ДЦС-3” ТӨХК-ийн дэд захирал Ч.Баттулга нарын хүмүүс оролцлоо.
“Бүтээн байгуулалтын цаг” уулзалт долоо хоног бүрийн даваа гарагт аливаа нэг хурлын танхимд бус, бодитоор өрнөж буй бүтээн байгуулалтын газар болж байгаа нь бэлгэшээлтэй гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод “Сүүлийн 25 жил ДЦС-3 дээр хийсэн шиг том хэмжээний эрчим хүчний өргөтгөл, бүтээн байгуулалт өрнүүлсэнгүй. Чингис бондын хөрөнгө хаашаа явсан гээд асуугаад байдаг бол хөрөнгийг энд зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл, бондын хөрөнгөөр өргөтгөсөн ДЦС-3-аас үйлдвэрлэгдэн гарсан эрчим хүч өнөөдөр айл өрх бүрт цахилгаан, дулаан болон хүрч байна” гэж хэлсэн юм.
Гуравдугаар дулааны цахилгаан станц нь Улаанбаатар хотын дулааны 40 орчим хувь, усын цахилгаан эрчим хүчний системийн 18 хувийг дангаараа бүрдүүлдэг юм. Ийнхүү тус ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэх шийдвэр гарснаас хойш 2013 оны долдугаар сарын 15-нд БНХАУ-ын Hunan industrial equipment installation” компани бүтээн байгуулалтаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр албан ёсоор ашиглалтад оруулж байна. Дээр хэлсэнчлэн сүүлийн 25 жилийн туршид өрнүүлээгүй эрчим хүчний салбарт том гэгдэх уг бүтээн байгуулалтын хөрөнгийг Чингис бондоос Хөгжлийн банкнаар дамжуулан 35 сая ам.долларын санхүүжилтээр босгожээ.
71 метр өндөр хөргөлтийн цамхаг бүтээжээ
“ДЦС-3”-ын өргөтгөлийн ажлаар станцын үндсэн барилгыг 12х30 метрээр өргөтгөж, хөргөлтийн цамхагийн болон эргэлтийн усны төхөөрөмжийн барилгыг шинээр барьж, 50 МВт-ын хүчин чадалтай турбин-генераторыг шинээр суурилуулан, 6.3 /0.4 кВт-ын цахилгаан хуваарилах байгууламж, трансформатор, дулааны сүлжээний ус халаах байгууламж суурилуулсаны зэрэгцээ бусад шаардлагатай барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Хөргөлтийн цамхагийг “Fiber Glass” буюу шилэн хуванцар материалаар хийсэн бөгөөд 71 метрийн өндөр, сууриараа 52.8 м, оройдоо 31.6 м диаметртэй, 1200 м2 хөргөлтийн гадаргуутай, цагт 11300 тонн усыг хөргөх хүчин чадалтай байхаар бүтээжээ. Энэ хөргөлтийн цамхагийг таван сарын дотор барьж дуусгасныг инженерүүд онцолж байсан бөгөөд доороос нь харахад их сүрдмээр том цамхаг байсан юм.
Цахилгаан, дулаан үйлдвэрлэх өртөг буурна гэв
“ДЦС-3”ТӨХК-ын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөснөөрТөвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал энэ хэмжээгээр, Улаанбаатар хотын дулааны хангамжийн системийг 100 Гкал/ц-аар нэмэх юм байна. Харин эрчим хүч үйлдвэрлэлийн хэмжээ 250-300 сая кВт/цагаар өсч, борлуулалтын орлого жилдээ 30 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, цахилгаан, дулаан үйлдвэрлэх өөрийн өртөг буурах тооцоотой ажээ.
Уг ДЦС-ын өргөтгөлийн ажлыгДарханы дулааны цахилгаан станцтай албаныхан жишиж байна. Тодруулбал, Дарханы ДЦС-ын хүчин чадал 48 МВт. Тэгвэл “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөлөөр 2 МВт-аар илүү чадалтай гэхээр бүхэл бүтэн цахилгаан станцын хэмжээний бүтээн байгуулалт болсон гэдгийг албаныхан онцлов. Ийм бүтээн байгуулалтыг 11 сарын хугацаанд, маш бага зай талбайд өөрийн дэд бүтцэд тулгуурлан ийнхүүамжилттай хийж гүйцэтгэсэн ажээ.
ТЭЦ-5-ын гэрээг энэ сард үзэглэнэ гэв
Эрчим хүчний сайд М.Сономпил өнөөдрийн нээлтийн ажиллагааны үеэр “Эрчим хүчний салбар жилийн жилд алдагдалтай ажиллаж буйг Шинэчлэлийн Засгийн газраас анхаарч өнгөрсөн жилийн бүтээн байгуулалтыг жил болгон зарласан. Энэ хүрээнд эрчим хүчний эх үүсвэрүүдийн өргөтгөл, шинэчлэлийн ажлууд эхнээсээашиглалтад орж байна. Өнөөдөр ДЦС-3-ын 50 МВт хүчин чадлын өргөтгөл ашиглалтад орсон бол ирэх арав, арваннэгдүгээр сард ДЦС-4-ийн 123 МВт-ын, Амгалангийн дулааны станцын өргөтгөл дуусна” гэж хэлсэн юм.
Түүнчлэн олон жил яригдсан “ТЭЦ-5” эрчим хүчний шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэрээг энэ сард үзэглэхийг хэлж байсан. 43 га газрыг хамрах тавдугаар дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын нийт өртөг 1.2 тэрбум ам.доллар. “ТЭЦ-5” хүчин чадлыг жилд 450 мВт цахилгаан үйлдвэрлэнэ гэдгээр тооцож байгаа юм.
У.БОЛОР