Улстөрийн намын хуулийг боловсруулахад оролцоо чухал гэв

Хуучирсан мэдээ: 2014.06.16-нд нийтлэгдсэн

Улстөрийн намын хуулийг боловсруулахад оролцоо чухал гэв

Ардчилсан намын дэргэдэх “Нэг ардчилал” клуб, Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо хамтран өнөөдөр “Монгол ньюс” төвд мэдээлэл хийлээ.

УИХ-ын төвшинд Улстөрийн намын тухай хууль, Улстөрийн намын санхүүжилтийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Тэгвэл дээрх хуулийн төслийг боловсруулахад намуудын гишүүдийн оролцоог хангах шаардлага хамгийн чухал байна гэж тэд мэдэгдлээ. Учир нь сүүлийн үед гарч байгаа шийдвэр нь хэдхэн улстөрчийн хүрээнд шийдэгдэж гарч байна гэж тэд шүүмжиллээ.

Аливаа улсад улстөрийн хариуцлага, төлөвшил, өрсөлдөөний зөв зарчим хөгжиж чадаагүй цагт төрд хяналт тавих боломж хумигддаг байна. Улстөрийн намын шинэчлэлийг сайжруулснаар тухайн нам дотооддоо ардчиллыг тогтоож, гишүүдийнхээ оролцоог хангаж улс орноо хөгжүүлэх бодлого шийдвэрт иргэдийн үзэл бодлыг илүүтэй тусгах зөв механизм бий болдог.

Тиймээс улстөрийн нам өөрөө ардчиллын үлгэр дууриал болж нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн хэв маяг хэлбэр лүү шилжих нь хувь хүний хөгжилд төдийгүй улсын хөгжилд чухал нөлөө үзүүлдэг тул Улстөрийн намын тухай хууль, Улстөрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэх үйл явцад гишүүдийн оролцоог хангахад анхаарлаа хандуулан ажиллах болно гэлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж