Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн санхүүд хийсэн шалгалтыг хэлэлцжээ. Тус төрийн өмчит компанийн 2012-2013 оны санхүүгийн тайланд чухам ямар зөрчил дутагдал илэрсэн мөн ямар шалтгаанаар тус компанийн эсрэг гомдлыг шүүхэд гаргахаар болсон талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.
Захиргааны хэргийн шүүхэд хандана
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчид 2009 онд “Мэдээлэл холбооны сүлжээ” компанид шалгалт хийж багагүй зөрчилд илрүүлэн 91 сая төгрөгийн акт тогтоожээ. Гэтэл энэхүү торгуулийг өдийг хүртэл төлж барагдуулаагүй учраас тус байгууллагыг шүүхэд өгөхөөр болжээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус компанийнхан торгуулийн мөнгөнөөс үлдсэн таван сая төгрөгийг төлоөөгүй гэх маргааныг Захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэх юм.
Хууль зөрчин ажилтнуудаа шагнаж, байр өгчээ
Шалгалтаар тус компанийн гүйцэтгэх захирал асан С.Адьяасүрэн 2012 онд тушаал гарган Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/ болон Хяналтын зөвлөлийн найман гишүүнд 24 сая төгрөгийн үр дүнгийн шагнал, нэг хүнд орон сууцны дэмжлэг үзүүлжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай хуулийг зөрчсөн энэ үйлдэлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандаж, цаашид төрийн өмчит компани бүр ТУЗ-тэй байх нь зүйтэй эсэхийг ч хөндөж байсан юм. Мөн компанийн удирдлага харилцагч байгууллагууддаа шинэ жилийн мэндчилгээ, бэлэг хэмээн 26 сая төгрөгийн үнэ бүхий ном, аяга, тор зэргийг, 100 орчим байгууллага, тэдгээрийн дарга, орлогч, нябо нарт бэлэг, мэндчилгээ, урилга хэвлүүлэн хүргүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Ажилтнууддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны болон бусад зээл олгуулахаар тохирч “Голомт” банкинд гурван тэрбум төгрөгийг жилийн хугацаанд сарын нэг хувийн хүүтэй хадгалуулахдаа ТУЗ-өөсөө шийдвэр гаргуулаагүй зөрчил ч илэрчээ. Мөн нэр бүхий компаниар санхүү, нягтлан бодох бүртгэлийн программаа хийлгэхийн тулд багагүй хөрөнгө зарсан ч зарим аймаг нь данс, бүртгэлээ гараар хийсэн хэвээр байгаа зөрчил ч илэрсэн байна.
Ийнхүү тус компанийн аймаг, дүүрэг дэх салбаруудад ч цөөнгүй зөрчил илэрсэн учраас улсын байцаагчдын зүгээс зөрчлөө арилгахыг үүрэгдэн, 136 сая төгрөгийн торгууль тавьжээ.
Д.ЖАРГАЛ