Солонгосчууд өндөр амжилтыг үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.14-нд нийтлэгдсэн

Солонгосчууд өндөр амжилтыг үзүүлжээ

Дэлхийн зуу, зуун сая хүний анхаарал Өмнөд Америк тивийн “Хөлбөмбөгийн эх орон” гэгдэх Бразиль улсад чиглээд байна. Хаан спорт хөлбөмбөгт ноёлон буй шилэгдсэн 32 багийн “Алтан дагина”-ын төлөөх өрсөлдөөн эхэллээ.

ДАШТ-ий тухай сонирхолтой баримтуудаас хүргэж байна. Ази тивээс одоогоор ДАШТ-нд үзүүлсэн шилдэг амжилтаараа солонгосчууд тэргүүлж байна. Ази тивээс анх 1966 онд БНАСАУ шөвгийн наймд шалгарсан амжилтыг үзүүлээд байсан бол энэхүү амжилтыг 2002 онд БНСУ-ын шигшээ баг шилдэг дөрөвт шалгарсан амжилтаараа ахиулж чадсан юм. 

 

1966 оны дэлхийн аваргад Италийг (1:0) хожсон БНАСАУ-ын шигшээ баг.

1966 оны дэлхийн аваргад БНАСАУ шөвгийн наймд шалгарч Ази тивийн томоохон амжилтыг үзүүлж байжээ.

Англид болсон 1966 оны дэлхийн аваргад 16 улсын баг оролцжээ. ЗХУ(тухайн үеийн), Итали, Чили улсын багтай дөрөвдүгээр хэсэгт багтсан солонгосчууд Италийг хожиж (1:0), Чилитэй тэнцэж(1:1), ЗХУ-д хожигдсоноор (0:3) хэсэгтээ хоёрдугаар байраар шалгарч, шөвгийн наймд шалгаран дуулиан тарьлаа. Шөвгийн наймд Португалтай тоглож 4-3-аар ялагдаж байжээ. Тэд 3:0-оор хожиж яваад португалчуудад ялагдаж, медалийн төлөө өрсөлдөх боломжоо алдаж байсан байна. Харин тэдний энэхүү амжилтыг 2002 онд БНСУ-ын шигшээ баг ахиулж чадсан юм.

2002 оны дэлхийн аваргад БНСУ-ын шигшээ баг хагас шигшээд шалгарлаа.

 

Ази тивийн хамгийн хүчирхэг багийн нэг БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг 1954 онд ДАШТ-нд оролцож эхэлсэн түүхтэй аж. 2002 онд БНСУ, Япон улстай хамтран XIX дэх удаагийн ДАШТ-ийг зохион байгуулахаар болсон. "D" хэсэгт АНУ, Польш, Портгалын багуудтай багтсан БНСУ хэсэгтээ хоёр хожил, нэг тэнцээ авснаар хэсгээсээ тэргүүлжээ. Хэсэгтээ Польшийг 2:0-ээр, Португалийг 1:0-оор, АНУ-тай 1:1-ээр тэнцэж, "D" хэсгийг итгэл төгс тэргүүлсэн байна. Хасагдах шатанд дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийг 2:1-ээр хожиж, томоохон шуугиан тарисан. Ийнхүү шөвгийн наймд шалгарсан солонгосчуудыг Испаний шигшээ хүлээж байсан. Хоёр багийн тоглолт 0:0-оор өндөрлөж, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болов. Энэ үед Испаний шигшээгийн Хоакин Санчес цохилтоо алдаж, БНСУ (5:3) их шөвөгт үлдсэн түүхтэй. Хагас шигшээд Германтай тоглож, 0:1-ээр ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө Турктэй тоглохоор болсон. Медалийн төлөө тоглолтод солонгосчууд 2:3-аар ялагдал хүлээжээ. Туркийн багийн хувьд шөвгийн 16-д Японыг 1:0-оор хожиж байсан байна.

Ийнхүү Ази тивээс дэлхийн аваргад БНАСАУ-ын үзүүлсэн амжилтыг БНСУ-ын шигшээ баг ахиулаад байна. 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж