“Хувьсал” продакшн өөрсдийн хоёр дахь дэлгэцийн уран бүтээлийнхээ ажилд оржээ. Тэдний эхний бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” дэлгэцээр гарсан даруйдаа нилээд шуугиан тарьсан. Өчигдөр болсон “Mongolia academy awards 2014” наадмын үеэр тэд өөрсдийнхөө уран бүтээлээр “Шилдэг гол болон туслах эмэгтэй” дүрүүдийн эзнээр тодорсон.
“Хувьсал” продакшны дараагийн уран бүтээлийн зохиолыг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Ганчимэг бичсэн нь олон хүний сонирхолыг татах болов уу. Тэрээр “Зүрхээр наадагч” нэртэй тус бүтээлийн зохиолыг нэг жилийн хугацаанд бичсэн бөгөөд “Хувьсал” продакшны уран бүтээлчид энэ сарын 26-аас эхлэн кино зураг авалтаа эхлүүлэх гэнэ. Харин тус дэлгэцийн уран бүтээлийн эрэгтэй гол дүрийн хувьд сонгон шалгаруулалт явуулж 80 гаруй залуусаас 2009 оны Азийн топ модель О.Мөнхдалайг сонгосон байна. Ингээд азтай модель залуу тун удахгүй кино сонирхогчдын хүртээл болох “Хувьсал” продакшны хоёр дахь дэлгэцийн бүтээлд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, Д.Ганцэцэг нартай хамтран тоглох эрхтэй болсон аж.
Дэлгэцийн анхны бүтээлээр эмэгтэй гол болон туслах дүрийн эзнээр тодорсон нь “Хувьсал” продакшны гурван эмэгтэй уран бүтээлчдийн чадварыг тодорхойлсон үйл явдал болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Э.ТЭКҮ