Котомицүки сумогоос хөөгдөх бололтой

Хуучирсан мэдээ: 2010.06.29-нд нийтлэгдсэн

Котомицүки сумогоос хөөгдөх бололтой

Японы сумогийн холбоо ирэх ням гаригт олны танил бөхчүүд болон дэвжээний эзэдтэй холбоотой шуугиант хэргийн талаар гаргасан шийдвэрээ олон нийтэд танилцуулах гэж байгаа талаар “CNN” агентлаг мэдээллээ. Эрдэмтэн судлаачид болон сумогийн экспертүүдээс бүрдсэн эрэн сурвалжлах холбооныхон болсон хэрэг явдлыг шалгасан бөгөөд озэки Котомицүки болон түүний дэвжээний эзэн Отаке нарыг сумогоос хөөхийг Японы сумогийн холбооноос шаардсан байна. Түүнчлэн шалгалт хийсэн тус хороо өөр 15 бөх, 12 дэвжээний эзнийг ирэх долдугаар сарын 11-нд эхлэх зуны башёд оролцуулахгүй байх зөвлөмж гаргасан байна.

Сүүлийн үед сумогийн холбооны бөхчүүд хууль бусаар бейсболын тэмцээнд бооцоо тавин, мөрийтэй тоглосон хэрэгт холбогдоод байгаа юм. Энэ явдал нь сумог өөрийн үндэсний бахархал, үндэсний уламжлалын салшгүй нэг хэсэг гэж үздэг япончуудын хувьд хүндээр туссан явдал болж байна.

Японы сумогийн холбооны гишүүд даваа гаригт телевизээр ярилцлага өгөхдөө нэр бүхий бөхчүүд болон дэвжээний эзэд мөрийтэй тоглоомын хэрэгт шууд холбоотой эсэх талаар болон энэ асуудлаар ямар арга хэмжээ авах гэж байгаа шийдвэрийг долдугаар сарын 4-нд зарлах болно гэж ярьжээ. Тус холбоо озэки Котомицүкиг халах арга хэмжээг хэдийнэ авч эхэлсэн гэдгийг ч “Киодо” мэдээллийн агентлаг даваа гаригт мэдээлсэн байна. Түүнийг болон түүний дэвжээний эзнийг сумогоос хөөн явуулахдаа сумогийн холбоо ямар нэгэн нөхөн олговор олгохгүй байж магадгүй байгаа бөгөөд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл ирэх ням гаригт тодорхой болох юм.

Сумогийн ертөнцийг цочроогоод байгаа энэ хэрэгтэй холбоотой хамгийн эмгэнэлт мэдээ нь ирэх долдугаар сарын башёг хойшлуулах нь зүйтэй гэж “Асахи Шимбун” сонины санал асуулгад оролцсон япончуудын 63 хувь нь үзсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж