-Өнөөдөр ҮХААЯ-ныхан нөөцийн мах борлуулах цэгүүдэд шалгалт хийхэд ноцтой зөрчил илрээгүй, хэвийн байлаа-
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /ҮХААЯ/ -ны албаныхан өнөөдөр нөөцийн мах худалдаж буй цэгүүдэд шалгалт хийсэн юм. Шалгалтаар ҮХАА-н Хүнсний ҮБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Нармандах, МХЕГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газрын Улсын ахлах байцаагч Д.Батжаргал,ОБЕГ-ын Улсын нөөцийн газрын Агуулахын аж ахуй, технологи хяналтын хэлтсийн мэргэжилтэн Онцгой байдлын дэслэгч Ц.Чанцалдулам нараар ахлуулсан албаныхан явлаа. Шалгалтын явцад нөөцийн махны борлуулалт болон чанарын асуудалтай холбоотой ноцтой зөрчил илрээгүй бөгөөд энэ жилийн хувьд нөөцийн махны борлуулалт багассан нь гол асуудал болж буй ажээ.
Энэ жилийн хувьд 14 мянган тонн мах бэлтгэсэн бөгөөд одоогоор 10,532.6 тонныг буюу 75 хувийг нь борлуулжээ. Үүнээс хонины савласан мах 3,148.7 тн, ямааны савласан мах 878,5 тн, үхрийн савласан мах 2,648.1 тн, ямааны цул мах 180,6 тн, үхрийн цул мах 242,9 тн, хонины гулууз 1,902.9 тн, ямааны гулууз 1,057.6 тн, үхрийн гулууз 473,2 тн мах байна. Махны бүрдэл хэсгээр нь үзвэл хонины мах 5,051.6 тн (48%), ямааны мах 2,116.7 тн (20.1%), үхрийн мах 3,364.2 тн (31.9%)-ийг эзэлж байна. Нөөцийн махыг жил бүрийн долдугаар сарын дунд үе хүртэл борлуулдаг уламжлалаар энэ жил мөн Улсын баяр наадам хүртэл худалдах юм байна.
“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам Монголбанктай хамтран хэрэгжүүлсэний дүнд инфляцийн өсөлт дэх махны үнийн нөлөөллийг багасгасан талаар албаныхан хэллээ. Тодруулбал, 2010-2012 оны дунджаар УБ хотын жилийн инфляцийн 3.6 хувийг махны үнийн өсөлт тодорхойлдог байсан бол 2013 онд дунджаар 1.9 хувь, 2014 оны эхний дөрвөн сарын байдлаар 0.9 хувьтай байгаа ажээ.
Энэ жил нөөцийн мах бэлтгэн, борлуулахад дараах ахиц гарсаныг албаныхан онцоллоо.
- “Нөөцийн махны менежер”-ийн шалгаруулалтыг төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр зохион байгуулсан.
- Зөвхөн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, “Үхэр, өсвөрүхэр, адууныөрөөл, талөрөөл, хонь, хурга, ямааныгулуузмах. Техникийнерөнхийшаардлага MNS 1111 – 2007” стандартын нэгдүгээр зэрэглэлийн шаардлагыг хангасан махыг нөөцийн агуулахад хүлээн авсан.
- Хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу нөөцөд бүрдүүлэх үхрийн махны жингийн 5%, ямааны махны жингийн 10%-иас доошгүй хэсгийг шулж, 0.5 кг-аар, үхэр, ямааны махны жингийн үлдсэн 90%, хонины махыг гулуузаар эсхүл жижиглэж, хөрөөдөн, яс махны зохистой харьцааг баримтлан, 2, 3 ба 5 килограммаар уутлан савлаж, худалдаалж байна.
- Сав, баглаа боодлын материал болон хаяг шошгыг “2014 оны нөөцийн махны бүрдүүлэлт, хадгалалт, борлуулалтыг зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсэг”-ээс тогтоосон форматын дагуу нэг ижил хэмжээ, загвараар хэвлүүлсэн.
- Мах хүлээн авч буй агуулахад хянагчаар ОБЕГ, МХЕГ, Оролцогч банкны төлөөлөл дараах үүрэгтэйгээр ажиллана.
- ОБЕГ-аас томилогдсон нярав нь нөөцийн махны менежерийн болон туслан гүйцэтгэгчийн бэлтгэсэн махыг агуулахад хүлээн авах, сертификатаар баталгаажуулах, хадгалах, хадгалалтын бүрэн бүтэн байдлыг хангах, махыг жижиглэж, ангилан савлах, худалдан борлуулах үйл ажиллагаанд махны төрөл, тоо хэмжээнийх нь хувьд өдөр тутмын хяналт тавина.
- МХЕГ-аас томилогдсон улсын байцаагч нь нөөцийн махны менежерийн болон туслан гүйцэтгэгчийн бэлтгэсэн махыг агуулахад хүлээн авах, сертификатаар баталгаажуулах, хадгалах, хадгалалтын бүрэн бүтэн байдлыг хангах, махыг жижиглэж, ангилан савлах, худалдан борлуулах үйл ажиллагаанд мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, чанарын шаардлага хангаж буй эсэх талаас нь өдөр тутмын хяналт тавина.
- Монголбанкны хөнгөлттэй зээлийг олгох Оролцогч банкны төлөөлөл нь нөөцийн махны менежерийн болон туслан гүйцэтгэгчийн бэлтгэсэн махыг агуулахад хүлээн авах, сертификатаар баталгаажуулах, хадгалах, хадгалалтын бүрэн бүтэн байдлыг хангах, махыг жижиглэж, ангилан савлах, худалдан борлуулах үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавина.
- Нөөцийн махны худалдаалалтын явцад иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын дараах төлөөлөл хяналт тавьж ажиллана. Үүнд: Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын махны холбооны холбоо, Эрүүл мэнд аюулгүй байдал, Хүнсний тусгаар байдлын төлөө хүмүүсийн эвсэл, Монголын хүнсний зах төвүүдийн эздийн холбоо, Монголын консалтинг судалгааны төв, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нэгдсэн нийгэмлэг зэрэг Төрийн бус байгууллагууд ажээ.
- Нөөцийн махны бүрдүүлэлт, борлуулахтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор мэдээллийн албыг байгуулж, үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн гомдлыг бүртгэн авч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ.
У.БОЛОР