АРФ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

АРФ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцов

Мьянмарын Холбооны Улсын Янгон хотноо 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд болсон АСЕАН-ы Бүсийн Чуулга уулзалт (АРФ)-ын Ахлах албан тушаалтнуудын ээлжит уулзалтад Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

АРФ-ын Ахлах албан тушаалтнуудын ээлжит уулзалтад оролцсон гишүүн 27 орны төлөөлөгчид бүс нутаг болон олон улсын аюулгүй байдлын тодорхой асуудлууд тухайлбал, Солонгосын хойг, Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудал, терроризм, Афганистан, Украйны сонгууль, Тайландын цэргийн эргэлт зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцлоо.

Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж хэлсэн үгэндээ Мьянмарын Холбооны Улс 2014 онд АСЕАН-ыг амжилттай даргалж байгаад баяр хүргэж, Монгол Улсын гадаад бодлого, тэр дундаа Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны бүтцүүд болох АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох, АПЕК-т нэгдэх хүсэлтээ дахин нотолж, АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын уулзалтад энэ онд анх удаа дарга орны урилгаар оролцох боломж олдоно гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Тэрээр АРФ-ын 2014-2015 оны чуулган хоорондын жилд гамшгаас сэргийлэх, авран хамгаалах, энхийг сахиулах, кибер аюулгүй байдал зэрэг аль нэг чиглэлээр арга хэмжээ АСЕАН-ы нэг гишүүн оронтой Улаанбаатарт хамтран зохион байгуулахыг санал болгов.

Манай төлөөлөгчид уулзалтын үеэр АСЕАН-ы гишүүн 10 орон болон ОХУ, БНХАУ, АНУ, Австрали, Шинэ Зеланд, Европын Холбооны төлөөлөгчдийн тэргүүн нартай товч уулзаж ярилцав.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж