Монгол Улсын анхны марк хэвлэгдэн гарсны 90 жил, Орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийг тохиолдуулан Монгол Шуудан ТӨХК-ний Маркийн газраас “БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ” сэдэвт маркыг шинээр гаргалаа. Шашныг мандуулагч, олныг жаргуулагч, наран гэрэлт, шашин төрийг хослон баригч Богд хааны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн ховор нандин зүйлсийг өгүүлсэн маркийн нээлтэнд музейн захирал О.Мэндсайхан хэлэхдээ “Маркаар дамжуулан “Богд хааны Ордон музей”-н түүхийн үнэт ховор нандин зүйлийг гадаад дотоодын иргэдэд хамгийн сонгодог хувилбараар нь сурталчилж байгаад талархалтай байгаа”-гаа илэрхийллээ. Харин “Монгол шуудан” ТӨХК гүйцэтгэх захирал
Б.Батсайхан “ССАЖЯ болон Богд Хааны Ордон музейн хамт олонд талархснаа илэрхийлэн, цаашид маркийн 90 жилийн хүрээнд Халх голын түүхт ойн марк, Динозаврын музейн маркыг гаргахад бэлэн байгаа” гэж хэлсэн юм.
Улс орныхоо түүхийг өгүүлж, хөгжлийн төвшинг тодорхойлож байдаг маркийн талаар Монголын Филателын холбооны нарийн бичгийн дарга Ш.Чадраабал “Сүүлийн жилүүдийн маркын сэдэв сонголт маш зөв зүйтэй болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн хамт, маркний загвар дизайны хувьд ихээхэн нийцтэй болсонд талархалтай байна” гэсэн бол доктор, профессор С.Дулам “Богд хааны музейтэй холбоотой марк өмнө нь гарч байсангүй. Өмнө нь ховорхон харж байсан эд өлгийн үнэт зүйлсийг ингэж марканд буулгаж сурталчилж байгаа нь үнэхээр бахархууштай сайхан зүйл болж байна” хэмээсэн юм.
Л.ХАЛИУ