“Шударга ёс” эвсэл завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвсэл завсарлага авлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авлаа.

Завсарлага авч байгаа үндэслэлээ УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихгүй байхаар байнгын хороо шийдсэнийг бүлгийн төвшинд нухацтай хэлэлцэх шаардлагатай боллоо. Тав хоногийн завсарлага хүсч байна” гэсэн юм. Тиймээс эл асуудлын хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн баасан гариг хүртэл хойшлуулаад байна.

Засгийн газраас анх дээрх тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ Цагаан суваргын ордод төр 39 хүртэл хувь эзэмшинэ. Хувь эзэмших хүрээнд 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийг бонд гаргах замаар шийдвэрлэнэ хэмээн тогтоолд тусгасан байсан юм. Гэхдээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд ажлын хэсгээс оруулж ирсэн “Цагаан суваргын ордод төр хувь эзэмших нь зохисгүй” хэмээн санал гаргасныг дэмжсэн байна. Эл санал  хэлэлцүүлгийн шатанд нэлээд маргаан дагууллаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга Цагаан суваргын ордод хайгуул хийхэд улсын төсвөөс 15 сая ам.долларыг зарцуулсан гэдэг тооцоог хэн гаргав, Ашигт малтмалын тухай хуулийн төслийг удахгүй УИХ-аар батлах гэж байхад түүнийг хүлээлгүй Цагаан суваргын ордыг зүтгүүлж буйн цаана ямар эрх ашиг нуугдаж байна вэ гэдэгт хариулт өгөхийг хүсэв.

Үүнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад 40 гаруй хонож байна. Гэхдээ хууль батлагдтал тодорхой хугацаа шаардахаар байгаа. Нөгөө талдаа, Цагаан суваргын ордын бүтээн байгуулалтын ажил эрчимжчихсэн, олборлох үйлдвэрлэл явуулах хугацаа хязгаартай, МАК санхүүжилтийн зээл авахад яарч байгаа зэрэг тодорхой шалтгааны улмаас өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд Засгийн газар хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн. Социализмын үед хийсэн геологи хайгуулын зардлыг 1997, 2006 онд батлагдсан хуулиудын хүрээнд тооцон гаргасан гэлээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Оюутолгойн Монголын талын 34 хувийн өр дийлдэхээ байчихсан, Тавантолгойн өр 850 тэрбум төгрөгт хүрчихсэн байж, Цагаан суваргын ордод төр 34 хүртэл хувь эзэмшье, түүндээ 350 сая ам.долларын санхүүжилт хийе гэж оруулж ирсэнийг үнэндээ ойлгохгүй байна. Түүгээр зогсохгүй 350 сая ам.долларыг бонд гаргаж, санхүүжүүлнэ гэдэг, Уул уурхайн сайдын толгойд яаж ийм санаа орж ирж байна вэ гэв.

Үүнд тус хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганбат “ДНБ-ний 4 хувиас дээш гарсан бол стратегийн ордод хамааруулна гэдэг.  Тэр хүрээнд Цагаан суваргын ордод төр 39 хүртэл хувь эзэмшихээр заалт оруулж орж ирсэн. Уг ордын ашиглалтын лицензийг МАК эзэмшдэг, 1400-1500 хүнийг ажлын байраар хангадаг, татвараа сүүлийн 4-5 жил тасралтгүй төлж ирсэн үндэсний аж ахуйн нэгж. Төр тус ордод 34 хүртэл хувь эзэмшихэд шууд 350 сая ам.долларыг гаргаад өгөх боломжгүй учраас ажлын хэсгийн төвшинд ярилцаж байгаад Цагаан суваргын ордод төр хувь эзэмших нь зохисгүй гэж үзсэн. Яагаад гэвэл Оюутолгойн хоёр дахь төслийг ашиглалтад оруулж чадахгүй болчихсон байгаа үед үндэсний компани тогтвортой ажил хийж байх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх тул энэ компанийг ажилд нь оруулъя гэж үзсэн. Уул уурхайн сайдын хувьд хуулийн дагуу төслийг оруулж ирсэн гэлээ.

Харин үүнтэй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, энэ нь  стратегийн ордод төр хувь эзэмшихийг үгүй хийх, Оюутолгойд төр 34 хувь эзэмшихийг үгүй хийх, цаашдаад “Эрдэнэт” үйлдвэрт 51 хувь эзэмшиж байгааг үгүй хийх санаа явж байна гэлээ. УИХ-ын гишүүн  Х.Болорчулуун ч мөн санал нэг байгаагаа илэрхийлэв. Тэрээр энэ тухай “Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж байгаа үед Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихгүй байх тухай асуудлыг оруулж ирж байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчил дагуулж байна. Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордод төр хувь эзэмших бол төлбөр төлөхгүйгээр шууд эзэмших тухай сайн заалт бий. Стратегийн ордод төр эзэмших хувь хэмжээгээ эзэмших ёстой. Түүнээс төр эзэмшсэн болгон муу байдаг юм биш. 2004 онд бий болгосон бодлогоо байхгүй болгохоор хууль оруулж ирсэн Уул уурхайн сайдыг гайхаж байна” гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Яагаад төр хувь эзэмших заалтыг байнгын хороо унагаад оруулаад ирэв” гэдэгт хариулт хүсэв. Үүнд ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат “Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед төрөөс мөнгө гаргах нь эрсдэлтэй. Төр 350 сая ам.долларыг Цагаан суваргын ордод оруулахад 10 гаруй жилдээ нөхөгдөхгүй. Бонд гаргана гэж байгаа, өнөөх бонд нь хүүтэй. Н.Номтойбаярыг бодохоор болиулчихмаар, компанийн бодохоор үндэсний компани учраас ажиллуулахаас арга алга” гэж хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Цагаан суваргын ордыг төрийн өмчийн оролцоотой байгуулна гэвэл авлига хээл хахууль дийлдэхгүй. Хувь эзэмших хүрээнд 350 сая ам.долларыг төрөөс гаргана гэж байна. Тэр нь татвар төлөгчдийн мөнгө. Уул уурхайн баялаг эрсдэл өндөртэй, төр хөрөнгө оруулахад хариуцлага хүлээх асуудал бий. Тийм учраас ахиухан хэмжээний татвар авахаа л бодох ёстой” гэлээ.

Эцэст нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэдэг заалтыг дэмжихгүй байгаа учраас завсарлага авлаа. Ажлын тав хоногоор завсарлага авч байна” хэмээн мэдэгдсэн юм.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж