Малайзын агаарын тээврийн сураггүй болсон МН370 дугаар нислэгийн зорчигчдын ар гэрийнхэн эхний ээлжний нөхөн төлбөрөө авч эхэлжээ. Боинг 777-200 онгоцонд 239 хүн зорчиж явснаас Малайзын зургаа, Хятадын нэг зорчигчийн гэр бүл 50 мянган ам.долларын нөхөн төлбөр авсан байна. Мөн Малайзын албаныхан Хятадын 40 гаруй зорчигчийн ар гэрийнхэнтэй урьдчилсан нөхөн төлбөрийн асуудлаар тохиролцохоор ярилцаж байгаа аж. Малайзын Гадаад хэргийн сайдын орлогч Хамзах Зайнудины мэдээлснээр Засгийн газраас МН370 онгоцыг албан ёсоор сураггүй болсныг зарлаагүй тул хохирогчдын ар гэрийхэнд бүрэн нөхөн төлбөр олгох боломжгүй гэнэ. Харин зорчигчдын ар гэрийнхний зарим нь хайртай нэгнээ амь үрэгдсэн гэдэгт одоо болтол итгэхийг хүсэхгүй хэвээр байгаа аж. Үүгээр ч зогсохгүй зорчигчдын ар гэрийнхэн сураггүй болсон онгоцны талаар мэдээлэл өгсөн хүнд таван сая ам.доллар амлаад байгаа билээ.
МН370 дугаар нислэг өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Малайзын Куала Лумпураас Бээжин хүрэхээр хөөрснийхөө дараа радарын дэлгэцнээс алга болж, холбоо тасарсан юм. Өнгөрсөн хугацаанд олон улсын эрлийн баг гарч, Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт Боинг 777-200 онгоцыг осолдсон байж магадгүй гэж үзэн хайгуул хийсэн боловч юу ч олоогүй билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС