Сүүлийн үед хүүхэд залуусын дунд дуунууд нь хит болж буй дуучнаар яахын аргагүй Rokit Bay буюу О.Баярсайханыг нэрлэж болно. Тэрээр саяхан Aurora entertainment болон “Тэсо” корпорацийн захиалгаар “Step” богино хэмжээний кинонд Тамирын дүрийг бүтээсэн байна. Уг дүрээр Монголын залуусыг өөрсдийн хийж буй үг үйлдэл бүрээ зөв байлгаж алхам алхамаар урагшлах эрч хүчтэй байхыг сануулахыг зорьжээ. Мөн уг кинонд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хүү МУСТА Төмөрхуяг мөн МУСТА М.Саранцэцэг нар дүр бүтээсэн нь киног улам сонирхолтой болгосон байна. Rokit Bay /O.Баярсайхан/ нь 2008 оноос эхлэн уран бүтээлээ хийж эхэлсэн ба 2011 онд анхны бие даасан “Пуужин Баяраа” цомгоо гаргаж байсан бөгөөд “Нэг өдрийн Хаан” дуу Монголын хөгжмийн нэвтрүүлэгүүдийн жагсаалтыг 4 сарын турш тэргүүлжээ. 2013 оны 2 дугаар сард бие даасан 2 дахь цомог болох Эвдэрхий хүмүүс цомгийг гаргаж тус цомгийн Эвдэрхий хүн дууны клип мөн хитийг тогтмол тэргүүлсэн ба www.youtube.com сайт дахь хамгийн богино хугацаанд 1,000,000+ хандалттай дуу болсон юм. Тус дууны клип 2013 оны UBS Music Video Avards-т нийт 5 номинацид нэр дэвшиж Шилдэг найруулга, Шилдэг зураач, Монголын Хамгийн их YOUTUBE хандалттай клип гэсэн шагналуудыг хүртсэн билээ.