Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ баг

Нэгэнт л сонирхож, тоглож эхэлсэн бол хэнийг ч соронз мэт татдаг, эдүгээ дэлхийн номер нэг спорт болоод буй хөл бөмбөгийг анх 1930-аад оны үед ЗХУ-ын мэргэжилтнүүд тал нутгийн монголчуудад танилцуулсан гэдэг ч энэ спортоор манай залуус чамгүй сайн хичээллэж байсныг Монголын хөлбөмбөгийн анхны шигшээ гэж нэрлэж болохуйц багийнхны энэ гэрэл зураг илтгэнэ.

1958 оны тавдугаар сарын 3-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотын нэгэн зочид буудлын гадна зургаа авахуулсан манай баг тэр үед Шанхай хотын хөл бөмбөгийн багуудтай нүүр тулж, залуучуудын “Ногоон” шигшээ багийг нь 5:1-ээр хожиж байсан түүхтэй. 

Шигшээ багт маршал Чойбалсангийн хүү Ч.Нэргүй (нэгдүгээр хаалгач) байсан бөгөөд (зураг дээр 2-р эгнээний зүүнээс дөрөв дэх нь) тэрээр шинэ цагийн спортоор гаргуун хичээллэж, улсынхаа нэг номерын хаалгач болж байсан нь бахархмаар.

Энэ бүх түүхийг дурсан өгүүлэгч Лувсандоржийн Сандагдорж гуай бол манай анхны шигшээ багийн тамирчин, спортын мастер, улсын шүүгч, хөлбөмбөг, хоккейн дасгалжуулагч бөгөөд өдгөө нас сүүдэр 80 хэвийж яваа ч энэ бүх түүхийг өчигдөр болсон мэт яв цав хүүрнэх нь аргагүй л Монголын хөл бөмбөгийн амьд түүх ажээ.

 

Нийтлэлийг: М.БАТБАЯСГАЛАН

Гэрэл зургийг: Л.САНДАГДОРЖИЙН ХУВИЙН ЦУГЛУУЛГААС

Эх сурвалж: nationalgeographic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж