Үндэсний сурын УАШТ орон нутагт болно

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

Үндэсний сурын УАШТ орон нутагт болно

Үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болох гэж байна. Өсвөр болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр ангилалаар явагдах улсын аваргад 21 аймаг, дөрвөн дүүргийн 300 гаруй харваачид оролцоно.

Батмөнх Даян Сэцэн хааны мэндэлсний 550 жилийн ой энэ жил тохиож байна. Их хааны алдрыг тэмдэглэх жилийн хүрээнд Өмнөговь аймгийн шилмэл хурдан хүлгүүдийг тодруулсан бол энэ удаа улсын шилдэг харваачид Өмнөговь аймагт цуглараад байна.

Энэ дашрамд Дорнод аймгийн Баяндун суманд энэ сарын 7-8-ны өдрүүдэд болсон буриад сурын улсын аваргын мэдээллээс хүргэе. Улсын баяр наадамд нэг удаа түрүүлж, есөн удаа айрагдан, улсын наадмын Буриад сурын харваанд арван удаа түрүүлсэн Монгол Улсын Мэргэн, спортын мастер Дондогнямын Цэцэгт хүндэтгэл үзүүлж, алдрыг нь тэмдэглэх буриад сурын улсын аваргад спортын мастер О.Сүхбаатар, гоц мэргэн Х.Оюунчимэг нар түрүүлжээ.

Эрэгтэй харваачдын төрөлд спортын мастер Б.Батбаатар, О.Сүхбаатар нар 64 сумнаас 51 онож, О.Сүхбаатар  ласжины оноогоор илүүрхэн түрүүлж, Б.Батбаатар удаалсан бол гурваас тавдугаар байранд Баяндун сумын харьяат аймгийн мэргэн Б.Батдорж, Цагаан-Овоо сумын харьяат спортын мастер Б.Баярсайхан, Улаанбаатар хотын харьяат, хошой мэргэн Ч.Баасанхүү  нар тус тус шалгарав.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд Хэнтий аймгийн Дадал сумын харьяат гоц мэргэн Х.Оюунчимэг 64 сумнаас 57 онож түрүүлсэн бол удаах байранд Баяндун сумын харьяат спортын мастер Ч.Гандаваа, Дашбалбар сумын харьяат Э.Оюунжаргал, Улаанбаатар хотын харьяат, Монгол Улсын мэргэн С.Энхтунгалаг, Баяндун сумын харьяат мэргэн Д.Цэцэг нар тус тус шалгарсан байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж