УИХ-ын чуулганы хуралдааны 2014 оны зургадугаар сарын 13-ны өдрийн үдээс өмнөх хуралдааныг тоймлон хүргэж байна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар 10 асуудал хэлэлцэх байснаас үдээс өмнө Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд шилжүүллээ. Энэ хуулийн төсөл нь сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг зохицуулах юм байна.
УИХ-ын гишүүдийн зүгээс энэ хууль нь нийгэмд хүлээлт үүсгэж байгаа, нийгмийн чухал харилцааг зохицуулах боломжтой учраас УИХ яаралтай баталж гаргах ёстой гэдгийг онцолж байлаа. Хуульд орсон томоохон өөрчлөлтүүд нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол цагдаагийн байгууллагад хандах, тэднйг хамгаалах тусгай байрны тоог нэмэгдүүлж, дахин хүчирхийлэлд өртөхгүй байх боломжоор хангах юм байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол эвлэрүүлэх хугацаа олгохгүй байхаар тусгажээ. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч гэр бүлээ салгахыг хүсэвч гэр бүл улс орны үнэ цэнэ гэдэг үүднээс гэр бүл салахын өмнө эвлэрүүлэн зуучлах хугацаа олгодог. Үүнээс болж хүчирхийлэл ихэсэх, хүнд хэлбэрт шилжих, цаашлаад амь настай холбоотой асуудал үүсдэг учраас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол эвлэрүүлэн зуучлах хугацаа олгохгүйгээр хуулиар зохицуулахаар хуульд тусгажээ.
Мөн энэ хуулийг дагаж бага, дунд боловсрол, дээд боловсрлын тогтолцоонд өөрчлөлт оруулж, хүмүүжлийн сургалтыг олгох асуудлыг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, одоогийн боловсролын тогтолцоо шинжлэх ухааны боловсролыг маш сайн олгодог ч хүмүүжлийн боловсрол олгох нь бага байдаг гэдгийг хууль санаачлагчид онцолж байсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзсэн учраас хуулийн төслийг холбогдох байнгын хорооны хуралдаанд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Дараа, дараагийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгах нь зүйтэй гэдгийг хууль санаачлагчид сануулсан юм.
Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан нэг асуудал хэлэлцэн, завсарласан юм Үдээс хойшхи хуралдаанаар есөн асуудал хэлэлцэх юм.
Ш.ОЧ