Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.13-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ. Хууль хэлэлцүүлгийн хугацаанд УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль чухал хууль байна. Монгол ахуй, хэвшсэн амьдралын дэг жаяг гэж байдаг. Уламжлалт арга барилын талаар хуульд тусгасан зүйл юу байна вэ. Гэр бүл доторхи уламжлал алга болчих  болов уу. Эрүүл мэндийн яам яагаад бүхэлд нь дэмжихгүй гэсэн зүйл өгсөн юм бол” гэсэн асуултад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Монгол ахуй ч биш аль ч улс орны гэр бүлд байдаг ойлголцол, итгэлцэл гэсэн суурь зарчим бий. Ойлголцож, итгэлцэж чадахгүй болохоороо гадагшаа гараад эхэлдэг. Гадагшаа гарахдаа хүчирхийллийн шинжтэй болоод ирэхээр энэ хуулиар зохицуулагдаж эхэлнэ. Эрүүл мэндийн яамнаас хуулийг бүхэлд нь  дэмжих боломжгүй гэдгээ хуулийн талаар буруу ойлголттой байсан юм билээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд ирсэн хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна хууль эрх зүйн зохицуулалтыг хийхээр тусгаж байгаа юм. Эмнэлэгт түшиглэсэн хууль эрхзүй болон бусад үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээгээр үзүүлэх гэж байгааг буруугаар ойлгосон байсан. Үүнийг ойлголцоод хуулиа дэмжихээр болсон” гэлээ.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин  “Хамгийн чухал хууль юм. Монголчуудын нийгмийн суурь, үндсэн бүтэц гээд олон янзаар ярьдаг хэрнээ учрыг нь олохгүй байгаа юм. УИХ-ын гишүүд ч гэсэн энэ чухал асуудал хэлэлцэхэд муу анхаарч байна. Сайд огцруулах, мөнгө хуваарилах болохоороо бүгд ирээд, чухал асуудал хэлэлцэхээр алга болчих юм.  Монголчуудын уламжлал, сэтгэлээ, ёс зүй зэрэг олон зүйл нөлөөлдөг орчин бол гэр бүлийн орчин. Тиймээс бүгдийг хуулиар зохицуулна гэж ойлгохгүй байна.  Монголчуудын гэр бүлийн зөрчлийн гол сэдэв юу байдаг вэ. Миний бодоход хардалт, гэр бүлийн гадуурх харилцаа том суурь эзэлдэг байх. Мөн миний, чиний гэж алагчилж үзэх, хөрөнгө мөнгө, архидалт гээд зөрчлийн шалтгаан болдог сэдэв юу байдаг вэ. Энэ хуулийг Гэр бүлийн хуультай хамт хэлэлцвэл яасан юм бэ. Энэ хоёр хуулиа хэр зохицуулж байгаа вэ” гэсэн асуултад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Ёс заншлаас шалтгаалсан зүйлүүд их байдаг. Эр эмийн хооронд илжиг битгий жороол гэх мэт уламжлалт зүйлүүдээс болж маш олон хүчирхийлэл нэмэгдэх шалтгаан болдог. Мөн ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэг асуудлаас холбоотой байна. Энэ мэт маш олон хүчин зүйл байгаа ч хүчирхийлэлтэй холбоотой. Энэ хэсгийг нь салгаж аваад бид Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар зохицуулахаар тусгаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Ийм чухал хуулийг УИХ хэлэлцэн батлах, зайлшгүй шаардлагатай байгаа. Төрийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллагыг маш их үүрэгжүүлсэн байгаа.  Энэ үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага тооцох зохицуулалт алга байна. Энийг яаж зохицуулах вэ. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр өөрчлөлт оруулж байгаа ч хүүхэд хүмүүжүүлэх, хамгааллын чиглэлийг олон жил орхигдуулсан учраас хүмүүжилд нь өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Хүмүүжил, хүний эрхийг хамгаалсан бие хүний хүмүүжлийн талаархи асуудлыг хуульд тусгах шаардлагатай байна” гэсэн саналаа илэрхийллээ.

Үүгээр гишүүд асуулт, тодруулга авсаны дараа дэмжсэн гурав, дэмжээгүй гурван гишүүн гишүүн саналаа илэрхийллээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж санал хурааж, хуралдаанд оролцсон 48 гишүүн зөвшөөрч 87 хувийн саналаар дэмжигдлээ.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөж, үдээс хойш 14.00 цагт хуралдахаар боллоо.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж