“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа болон стратегийн чухал ач холбогдол бүхий орд газарт түшиглэн төрийн өмчийн оролцоот хувьцаат компани байгуулж үйл ажиллагааг нь үр ашигтай удирдан зохион байгуулах, түүний өгөөжөөс ард иргэдэд хишиг хувь хүртээх чиглэлээр батлагдсан хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийн байдлыг шалгах зорилгоор Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зургадугаар сарын 10-11-ний өдрүүдэд ажиллав.
Танилцах ажиллагаанд ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Үндэсний Аудитын газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцлоо.
Ажлын хэсэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баруун, зүүн цанхийн уурхайн нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааны ажлын явц байдал, уурхайн ажилчдын ажлын байр, хөдөлмөр аюулгүй ажиллагаа, амьдарч буй орон байр/кемп/-тай танилцсан бөгөөд инженер техникийн ажилчид, албан хаагчдтай уулзаж санал, хүсэлтийг нь сонслоо.
Мөн ажлын хэсгийн гишүүд “Тавантолгой” ХК-ийн болон “Энержи ресурс” ХХК-ийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, усан сан, нүүрс угаах үйлдвэр, ажилчдын ажиллах, амьдрах орчны нөхцөл байдалтай танилцаж ажилчидтай уулзлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт үнэлгээний хэлтсээс мэдээллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баруун цанхийн нүүрс олборлож буй талбай.
“Энержи ресурс” ХХК-ийн усан сангийн байгууламж
“Энержи ресурс” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэр