Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Зээлийн батлан даалтын сан хамтран 18 дахь жилдээ “Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” үзэсгэлэн яармагийг өнөөдөр албан ёсоор нээлээ. Үзэсгэлэн яармагт Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын Ерөнхий менежер Д.Эрдэнэбат, Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сомнат Гош, БНХАУ-ын БНХАУ-ын Худалдааны танхимын ӨМӨЗО дахь салбар танхимын орлогч дарга Лиү Шаоүн, Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтын газрын дарга Д.Батзогсох нар оролцож нээлт хийлээ.
18 дахь удаагийн уг үзэсгэлэн яармагт БНХАУ, ӨМӨЗО, ОХУ, Польш, Тайвань, Энэтхэг улсын 50 компани, Монголын 100 орчим аж ахуйн нэгж, ЖДҮ эрхлэгчид оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Өнөөдрөөс эхэлсэн үзэсгэлэн яармаг ирэх даваа гараг /зургадугаар сарын 16/ хүртэл үргэлжлэх ажээ. Үзэсгэлэн яармагт өргөн хэрэглээний бүхий л төрлийн бараа, бүтээгдэхүүн, хувцас, эм эмнэлгийн хэрэгсэл, эсгий бүтээгдэхүүн, хүнс,тоног төхөөрөмжийг дэлгэж байгаа юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын ерөнхий менежер Д.Эрдэнэбат “Гадныхан Монголын зөвхөн уул уурхайг бус эдийн засгийн өөр салбарыг сонирхох нь их болсоны нэг илрэл энэ удаагийн үзэсгэлэн яармаг болж байна. Энэ үзэсгэлэн яармагт оролцсон аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, худалдаа хийхээс гадна үзэсгэлэнгийн үеэр гадны зах зээлд орох, түншээ сонгох бизнес уулзалтууд болохоороо онцлог” гэж хэлсэн юм.
Монгол Улсад суугаа Элчин сайд Сомнат Гош “Энэтхэгт саяхан ерөнхийлөгчийн сонгууль болж, төрийн тэргүүнээ сонголоо. Ингэснээр ирэх жилүүдэд манай улсын нийгэм, эдийн засагт өөрчлөлт орж, өөр улстай харилцах хамтын ажиллагаа өөр төвшинд гарна гэж найдаж байна. Энэ үед Монголд ЖДҮ-ийн үзэсгэлэн яармагт оролцож, хамтран ажиллагаагаа бэхжүүлэхээр туршлага судлаж байгаадаа баяртай байна. Монголын хувьд хоёр том зах зээлийн дунд байдаг давуу талыг ашиглан хамтарч ажиллан Азийн зах зээлд гарах боломж бүрдэнэ гэдэгт итгэж байна” гэдгийг онцолж байсан.
Монгол Улсад одоогоор 55 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 45 мянга орчим нь жижиг, дунд үйлдвэрийн чиглэлд хамаардаг. Өөрөөр хэлбэл нийт идэвхтэй ажиллагаатай аж ахуйн нэгжийн 82 хувь нь ЖДҮ-ийн салбарынх ажээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт сүүлийн үед төрийн зүгээс олон чухал шийдвэрүүдийг гаргаж байгаа. УИХ-ын нэгдсэн чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн. Энэ дагуу Хөдөлмөрийн яам, Гаалийн ерөнхий газар хамтран татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг шинэчлэхээр ажиллаж буй. Одоогоор ЖДҮ-ийн зориулалтын 995 тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх жагсаалт байгаа бол үүн дээр одоогийн зах зээлийг судалж, төрөл, зүйл нэмэх төлөвлөгөөтэй талаар албаныхан хэлсэн. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн жилийн хугацаанд төлсөн татварын 90 хувийг буцааж олгох асуудлыг хэлэлцэж буй. ЖДҮ эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хувьд, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд 363 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа. Үүнээс бага зээлийн хүүтэйгээр ЖДҮ эрхлэгчдэд арилжааны банкаар дамжуулан зээл олгох юм. Эдгээр үндсэн шийдвэр хэрэгжиж эхэлвэл жижиг, дунд бизнес эрхлэгчдэд багагүй нэмэр болох юм. Ийнхүү ЖДҮ эрхлэгчдийн хувьд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад боломж нэмэгдэж байгаа энэ үед ЖДҮ-ийн үзэсгэлэн яармаг зохион байгуулж байгаа нь үр дүнтэй гэж албаныхан үзэж байна.
У.БОЛОР