УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 12 асуудал хэлэлцэхээс нэг асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлсэн Ш.Түвдэндоржийг томилсон юм. Энэ асуудлыг бүтэн өдрийн турш хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авч, саналаа хэлсэн юм.
Үүний дараа санал хураахын өмнө МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “МАН-ын бүлгийн бүх гишүүд ҮХАА-н сайдыг томилох асуудлаар санал хураалтад оролцохгүй” гэдгээ албан ёсоор илэрхийлсэн юм. Ингээд санал хураалтад 40 гишүүн оролцсоноос 34 гишүүн зөвшөөрч, зургаан гишүүн эсэргүүцсэнээр ҮХАА-н сайдаар Ш.Түвдэндоржийг томиллоо.
Үүний дараа галын аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр УИХ-ын чуулганы хуралдаан даргалагч танилцуулсан үед МАН-ын бүлгээс хэлэлцэх бүх асуудалаар тав хоногийн завсарлага авахаа мэдэгдэн, хуралдааныг орхин гарсан юм. УИХ-ын дэгийн дагуу хэлэлцэж байгаа бүх асуудлаар завсарлага авах боломжгүй учраас зөвхөн Галын аюулгүй байдлын тухай хуулиар тав хоногийн завсарлага өгсөн юм. Үүгээр УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөж, маргааш 09.00 цагт үлдсэн асуудлаа үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.
Ш.ОЧ