УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилуулах тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 85 хувийн саналаар дэмжин баталлаа. Гэхдээ энэ нь хууль бус томилгоо болсон гэдэг гомдол Үндсэн хуулийн цэцэд очиж мэдэшгүй боллоо. Учир юу вэ гэвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэхийн өмнө хэлэлцэх асуудлыг батлахын өмнө уг асуудал дээр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлт тавьсныг хуралдаан даргалагч Р.Гончигдорж хүлээж аваагүй аж. Энэ үндэслэлээ УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Хуульд зааснаар сайд томилох асуудлыг УИХ 30 хоногийн дотор багтаан хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Эл хугацаа дөхөж байгаа учраас өнөөдөр хэлэлцэхээс аргагүй” хэмээн тайлбарласан байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Хуульд зааснаар байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор завсарлага хүссэн бол түүнийг нь биелүүлэх үүрэгтэй. Үүнийг хуралдаан даргалагч үзэмжээр юм уу, санал хураалтаар завсарлага авахыг шийдэхгүй. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд тодоос тод заагаад өгсөн байгаа” гэж тайлбарлаж буй юм. Тиймээс Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон Ш.Түвдэндоржийг хууль зөрчин томилогдсон сайд хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж мэдэшгүй аж.
Ямартай ч Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хуульд заасан 30 хоногийн хугацаанд багтаан томилох ёстой хэмээн яарсан бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудалд яарсангүй. Хуульд зааснаар сайдыг огцруулах эсэх асуудлыг өргөн барьснаас нь хойш УИХ 7 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан байдаг ч хугацаа хэтэрч хоёр долоо хоногоор сунжирч байгаа ч хариуцлага тооцох асуудлыг яаравчилсангүй. Үүгээр бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг Эдийн засгийн хөгжлийн сайдад хариуцлага тооцох асуудлыг хойшлуулсаар хаврын чуулган завсарлуулж, мэдэхээр байна.
Г.ДАРЬ